Канадын иргэн Т.Силва: Өндөрширээт сумын ойролцоо байх толгод дээр хоноглох гэж байгаад би зодуулсан

timelive.mn 2024-05-14

Франц гаралтай Канад улсын иргэн Томас Гарон да Силва унадаг дугуйгаар Торгоны зам дагуу аялах аяллаа Монголын Улсын нийслэл Улаанбаатар хотоос өнгөрсөн хавар эхлүүлсэн. Гэвч тэрбээр “Улаанбаатараас гарч 200 км явсныхаа дараа Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн иргэнд зодуулж, хүнд бэртсэний улмаас тус аяллаа зогсоосон” талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг.

Тэгвэл энэ талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эсэхийг тодруулахад “Монгол Улсад унадаг дугуйтай аялаж байсан Канад улсын иргэн Томас Гарон да Силватай холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Харин цахим орчинд гарсан мэдээлэлтэй холбоотойгоор шалгалтын ажиллагаа явуулахад тухайн иргэн нь Монголд байхдаа бусдад зодуулсан гэх гомдол мэдээлэл өгөөгүй. Харин Төв аймгийн Өндөрширээт сумын нутгаар аялаж байхдаа хордлогод орсны улмаас эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ авсан болох нь тогтоогдсон” гэсэн юм.

 Томас Гарон Да Силва хэрэг явдлын талаар “Өдрийн сонин”-д өгсөн тайлбартаа, “Би зодуулсан. Гэхдээ ноцтой гэмтэл учраагүй. Аяллаа түр зогсоох шийдвэр гаргасан байгаа. Учир нь сэтгэл зүйн хувьд хүнд цохилт байлаа. Би аяллынхаа хоёр дахь өдөр Өндөрширээт сумын ойролцоо байх толгод дээр хоноглох гээд байж байлаа. Дөрөвдүгээр сарын 28-ны 20:00 цагийн үед нутгийн иргэн майханд маань дөхөж ирээд намайг унтаж байхад маань сэрээсэн. Хэл нэвтрэлцэхгүй байсан ч чадах чинээгээрээ бид ярилцсан. Тэгээд би түүнийг миний унадаг дугуйг унаж үзэхийн санал болгосон. Тэр дуртайяа хүлээн авч, унадаг дугуйг маань тойроод унаж байсан. Тэгээд яагаад ч юм тэр намайг хамтдаа сумын төв рүү явахыг шаардсан. Би татгалзаж, майхандаа хонох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Түүний шаардлага түрэмгийлэл болон хувирч, намайг майхнаас маань хүчээр чирч, биед маань халдаж нуруу хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон.

Айсандаа би тусламж гуйж орилсон болохоор тэр хэсэгхэн зуур хойш ухарсан. Гараараа амыг минь даран чимээгүй болгох гэж оролдсон. Тэр үед айдсаа барьж чадаагүй. Тэгээд гэнэт тэр намайг чимээгүй бай гэж дохиж хэлээд зугтаад яваад өгсөн. Энэхүү явдлын дараа би шоконд орсон. Юу хийхээ мэдэхгүй, маш их түгшүүртэй айж нойргүй хонож, чадах чинээгээрээ нуугдсан. Үүр цайхын үед би тусламж эрж, сум руу явахаар шийдсэн. Гэсэн хэдий ч биеийн байдал маань муудаж, гүйлгэж бөөлжиж, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон” гэжээ.