Ука хочит Л.Алтанхуягт 16 жилийн ял оноожээ

timelive.mn 2024-05-14

Ука хочит Л.Алтанхуяг болон Хулнаа хочит н.Хулансамбуу, Цэнгэл хочит Б.Батцэнгэл, Уугаа хочит Б.Ууганзаяа нар бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар бусдын эд хөрөнгийг өөрт нь хууль бусаар шилжүүлсэн байдаг.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Н.Батдуулга, С.Билгүүн, Н.Алтангэрэл, Ц.Түмэнбаатар, П.Энхсайхан, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, Э.Сумьяажаргал, Э.Бошигт, Д.Батмарта, М.Амартүвшин, С.Алтансүх нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар энэ сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Л.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/,11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт /Хүний эрүүл мэндэд зэвсэг …хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулах/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Хулансамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 дэх заалт /хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Ууганзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд 6 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Э.Сумьяажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт хамтагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд 5 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Э.Бошигт, Д.Батмарта нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд 1 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч С.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Шүүгдэгч М.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10 дэх заалт / хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга, Э.Бошигт, Д.Батмарта нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Сумьяажаргалд оногдуулсан хорих ялыг нээлттэй, эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ.