“Япон улс IT салбарын инженерүүд, хүний нөөцийн дутагдалтай байгааг Монголын талаас нөхөх боломжтой”

timelive.mn 2024-05-15

Ирээдүйд Цахиурын хөндий болох зорилго тээсэн “Готанда хөндий” хэмээх байгууллага Япон улсын нийслэл Токио хотын Шинагава дүүрэгт бий.

Шинагава дүүрэгт харьяалагдаж байгаагийн шалтгаан нь тус дүүрэг бол Японы технологи, аж үйлдвэр, жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн олноор төвлөрсөн бүсэд тооцогддог. Тийм ч учраас Япон-Монголын хамтын ажиллагааны хүрээнд “1,000 инженер бэлтгэх” төсөлд багтан Коосэн сургуулийг төгссөн монгол залуусын түрүүч болох 30 төгсөгч Шинагава дүүрэгт амжилттай ажиллаж байгааг тус дүүргийн Жижиг, дунд бизнесийг дэмжих хэлтсийн захирал Ишихара Михоко ярьсан юм.

Токио хотын Шинагава дүүргийн захирагч Морисава Кёоко энэ өдрүүдэд Улаанбаатар хотод зочилж байгаа бөгөөд айлчлалынхаа сүүлчийн уулзалтыг тавдугаар сарын 14-нд Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар(НБИХГ)-ын HUB Innovation Center-т хийлээ. Энэ удаагийн уулзалтаар Шинагава дүүрэг болон Улаанбаатар хотын технологи, жижиг дунд үйлдвэрлэлийн компаниудын төлөөлөл уулзаж, айлчлалын хүрээнд байгуулахаар төлөвлөсөн Сүмотек консорциумын хүрээнд санал солилцов.

Ёшитака Мори: Хүний нөөцийн хувьд монголчууд их чадварлаг байна

“Готанда хөндий” байгууллагын гүйцэтгэх захирал Мори Ёшитакатай энэ үеэр ярилцлаа.зураг

– Хоёр орны компаниуд өнөөдөр уулзалт хийж, санал солилцлоо. Хэр үр дүнтэй болсон гэж та үзэж байна вэ?

– Монголд ирээд мэдээлэл технологийн салбарын хүмүүстэй уулзлаа. Ер нь хүний нөөцийн хувьд монголчууд их чадварлаг байна. Энэ хүмүүсийг улам хөгжүүлж, боловсруулах тал дээр хамтран ажиллах боломжтой гэж харж байна. Түүнээс гадна хувийн хэвшлүүд хоорондоо жинхэнэ бизнес дээр хамтраад, хэн хэндээ ашигтай байдлаар ажиллах Монгол, Японы бүтэц үүсгээд явах нь их чухал.

Яагаад гэвэл хоёр өөр орны хооронд бизнес хийхэд тухай орнуудын бизнесийн ялгаатай байдлаас үүдэн маш их зөрүү үүсдэг. Тэгвэл бидний байгуулж байгаа Монгол-Японы консорциумын гол зорилго нь тэр зөрүүг аль болох байхгүй болгож, товчлох, Монгол болон Японы талтай харилцахад ямар шаардлагуудыг хангасан байх талаар мэдээлэл хуваалцаж, тулгамддаг асуудлуудыг багасгах бүтэц үүсгэх.

– Таны хэлж буй бүтэц болох Сүмотек консорциум байгуулагдсаны дараа ямар бодитой үр дүн гарна гэж хүлээж байгаа вэ? Хамтын ажиллагааны хүрээнд та бүхэн Монголын талаас ямар хүлээлттэй байна вэ?

– Япон улсын хувьд мэдээлэл технологийн салбарын инженерүүд, хүний нөөцийн дутагдалтай байгаа учраас тэр дутагдлыг Монголын талаас нөхөж өгөх боломж байгаа гэж харж байна. Мэдээж янз бүрийн төслүүд хамтраад хэрэгжүүлээд явна. Үр дүнг бид заавал томоор биш, эхний ээлжид зурган өгөгдөл боловсруулах, эсвэл дата өгөгдөл оруулах ч юм уу энгийн ажлуудаас эхлээд явж болно. Хамгийн гол нь монгол оюутан залуус Японд ажлыг ямар байдлаар хийдэг, IT салбарын үйл ажиллагаа хэрхэн явагддаг болохыг сурч авна гэдэг өөрөө том ололт гэж харж байна.

Сүмотек консорциумын хувьд зөвхөн IT-аар хязгаарлагдахгүй, аж үйлдвэрийн салбарын хүмүүсийг ч оролцуулаад явна. Японд сүүлийн үед өргөжиж байгаа том ойлголт бол төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагын хамтын ажиллагааны бүтэц юм. Энэ ойлголтыг хэрэгжүүлээд, Монгол, Японы төрийн байгууллагууд дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийн болон боловсролын байгууллагууд нь мэдээлэл солилцдог, иргэний байгууллагууд нь оролцдог, салбарын мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгдөг зэрэг байдлаар нэгдсэн бүтцийг үүсгээд явбал илүү үр дүнтэй гэж харж байгаа. Том зургаар нь харвал Монголын мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлж, хүний нөөцийг боловсруулах талаас нь дэмжвэл үр дүн гарна гэж бодож байна.

Ишихара Михоко: Монгол Японы IT консорциум байгуулах хүрээнд Шинагава дүүрэг хууль эрх зүйн орчны дэмжлэг үзүүлж байна

Шинагава дүүрэг сүүлийн долоон жилийн хугацаанд Монголын гурван Коосэн сургуультай хамтран ажиллаж байгаа аж.

Энэ удаа тус дүүргийн захирагч Улаанбаатар хотод айлчлахдаа хүний нөөцийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зөвхөн Коосэний төгсөгч гэлтгүй МУИС, ШУТИС зэрэг их, дээд сургуулиудын төгсөгчдийг Японд ажиллах, дадлага хийх боломжоор хангах зорилго тавьжээ. Хоёрдугаарт, дээр дурдсан “Готанда хөндий” хэмээх Шинагава дүүрэг дэх Готанда гэдэг бүс нутаг дахь старт апп болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдлээр дамжуулаад Монгол болон Японы IT чиглэлийн гарааны компаниудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой иржээ.

зураг

Энэ хүрээнд Монголын залуучуудтай старт ап чиглэлд олон янзын байдлаар хамтран ажиллаж, шинэ санаачилгуудыг хэрэгжүүлээд явах боломжтой гэж харж байгаагаа Улаанбаатар хотод хийсэн уулзалтынхаа үр дүнг дүгнэхдээ Шинагава дүүргийн Жижиг, дунд бизнесийг дэмжих хэлтсийн захирал Ишихара Михоко онцлов.

Тэрээр “Монгол Японы IT консорциумыг байгуулах хүрээнд хоёр орны старт ап компаниуд хамтраад, нэг нэгнээ дэмжээд явна. Үүн дээр нь Шинагава дүүргийн хувьд хууль эрх зүйн орчны дэмжлэг үзүүлээд явах төлөвлөгөөтэй байгаа. Дүүрэг олон талаар хамтран ажиллах төлөвлөгөөтэй. Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын удирдлагуудтай уулзахад мөн дэмжиж, аль аль талынх нь төрийн байгууллагууд хувийн хэвшлийн хамтралыг дэмжээд явахаа илэрхийлсэн.

Шинагава дүүргийн хувьд бид манайд үйл ажиллагаа явуулж байгаа компанид ажиллахаар шийдэгдсэн Коосэний монгол төгсөгчдөд визийн бичиг баримтын бүрдүүлэлтэд нь дэмжлэг үзүүлнэ. Амьдрах байр хайхад нь туслахаас эхлээд төрийн байгууллагуудад бүртгэл үүсгэх, банкны данс авах зэрэгт нь тусалж буй. Японд 20 нас хүрээгүй бол зарим үйлчилгээ батлан даагчтай байхыг шаарддаг хуультай. Тэр бүхэнд бид монгол ажилчдад дэмжлэг болохын зэрэгцээ байнгын уулзалт, сургалт зохион байгуулж, илүү тогтвортой, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа” гэлээ.