Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-уудаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
“Будда продакшн”-ы захирал Ц.Гүрсэд: 2024 оны тавдугаар сарын 23-нд бурхан багшийн их дүйчин өдөр тохионо. Энэ өдөр Монголын бурхны шашинтнууд, сүсэгтэн олон, 10:30 цагт төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл хүндэтгэлийн жагсаал зохион байгуулна.
Лам хуврагууд жагсагчдад сэтгэл засах зан үйлийг үйлдэх, Их эзэн Чингис хаан тэргүүтэнд “Чингисийн сан” айлдах, уран бүтээлчид урлагийн үзүүлбэр толилуулна.
Жагсаал төв талбайгаас Гандантэгчэнлин хийдэд ирж, өндөрлөнө. Гандантэгчэнлин хийдийн талбай, Батцагаан дуганы өмнө бурхан багшийн их дүйчин өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилнэ.
Бурхан багшийн их дүйчин өдрийг угтаж буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-ууд эмзэг давхаргын иргэд, хорих ангиудад сэтгэл заслын сургалт, эмнэлгийн газруудыг тохижуулах, тоног төхөөрөмж хандивлах, лам хуврагууд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Энэ жил иргэдэд байгаа номыг цуглуулж хорих ангиудад хүргэх, номоор дамжуулж тэднийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.
“Хүн төрөлхтний сайн сайхан, оюун санааны гэгээрлийн төлөө онцгой үйл явдал тохиосон цаг хугацааны давтамжийг дүйчин өдөр гэж хэлдэг. Сард шинийн 8, 15, битүүн гэж гурван дүйчин өдөр байдаг.
Хүн төрөлхтний оюун санааны гэрэл гэгээ, амар амгалан, ёс зүйтэй байх, амгалан амьдрах тухайд бурхан багш гэгээрч, хамаг амьтанд номоо айлдсан үйл явдал онцгой цаг үед тохиосон тул жилийн дөрвөн их дүйчин өдөр гэж хэлдэг.
Тодруулбал зуны тэргүүн сарын шинийн 15-нд бурхан багш мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн, зуны адаг сарын шинийн 4-нд бурхан багш номоо айлдсан, намрын адаг сарын 22-нд бурхан багш тэнгэрийн орноос замба тивд заларсан, хаврын тэргүүн сарын шинийн 1-15-нд бурхан багшийн 12 зохионгуй гэж хэлдэг үйл явдлын гол зүйлүүдийг багтаасан дөрвөн их дүйчин өдөр байдаг” болохыг “Чухагт Эрдэнэ” соёл гэгээрлийн төвийн тэргүүн Б.Дарамбазар тайлбарлалаа.
0 cэтгэгдэлтэй