Д.Болорсүрэн СХД-т нэр дэвшихээр байсан ч ХУД-т дэвшинэ гэж нэр нь солигдсон талаар АН-ын дарга Л.Гантөмөрт өргөдөл гаргажээ

timelive.mn 2024-05-24

УИХ-ын 2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвших 48, тойрогт өрсөлдөх 78 хүмүүсээ МАН, АН зэрэг улс төрийн намууд өнгөрөгч Даваа гараг /2024.05.20/-т тодруулсан. Тухайлбал,  АН-ын жагсаалтын эхний дөрөвт тус намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Залуу үеийн төлөөлөл гэх С.Цэнгүүн нар багтсан нь олны эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, АН-ын ҮБХ-ны хурлын үеэр Л.Гантөмөрийн танилцуулсан нэр дэвшигчдийн зарим нэрс шөнөдөө өөрчлөгдсөн, нэр дэвшүүлнэ гэж ярилцсан зарим гишүүд тухайн тойргийнхоо жагсаалтанд багтаагүй” гэх мэдээлэл гарсан юм.

Энэ талаар АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Болорсүрэн АН-ын дарга Л.Гантөмөр болон АН-ын удирдах зөвлөлд өргөдөл гаргажээ. Тухайн өргөдөлд “Миний бие СХД-ийн 11-р тойрогт нэр дэвших хүсэлтээ өгч, ҮБХ-ны хурал дээр АН-ын дарга Л.Гантөмөр миний нэрийг зарласан. Гэвч СХД-ийн 11-р тойрогт ХУД-ын 12-р тойрогт ажиллаж, дэвшихээр яригдсан Ц.Уянгыг сольж тавьсан байна. Ц.Уянга мөн ХУД-т дэвшинэ гэж өргөдөл өгчээ” гэж дурджээ.

Мөн зарим эх сурвалжууд Л.Гантөмөр, Э.Одбаяр нарын бусдаас мөнгө авсныг илчлэх баримт байга талаар ярьж эхлээд байгаа юм.