Улсын онцгой комисс орон нутгийн удирдлагуудтай өчигдөр цахимаар хуралдаж, үер ус, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлаа хангах үүрэг, чиглэл өгөв.
Цаг уурын байгууллагын мэдээллээр ирэх зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй. Гэвч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас ахиу орох аж.
Иймд гэнэтийн, ус ихтэй, аадар борооны давтамж өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх шаардлагатайг санууллаа. Түүнчлэн долоодугаар сард Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орно. Амралт, зугаалгын улирал эхэлсэн энэ үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь хэрэглэхгүй байхыг УОК-оос анхааруулав.
Мөн орон нутгийн удирдлагуудад гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, амралт, сувилал, аж, ахуйн нэгжүүдэд заавар, зөвлөмж өгөх, үерт өртөж болзошгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэхийг даалгасан юм.
0 cэтгэгдэлтэй