“Дэвжээ солигдсон, багш өөрчлөгдсөн” зэрэг шалтгаанаар Их аварга Хакүхогийн шавь Сэнхо Жигүүр зодог тайллаа

timelive.mn 2024-05-29

Японы мэргэжлийн сумо бөхийн хамгийн хүчихрэг дэвжээнүүдийн нэг байсан “Миягино”-г түр хугацаанд татан буулгасан.

Улмаар бөхчүүдийг “Исэгахама” дэвжээнд шилжүүлж, багш Хакүхо аваргыг туслах ояката болгосон билээ. Дэвжээг нь хаахын өмнө дээрх дэвжээний бөхчүүдээс зодог тайлахаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл Нацү башёгийн дараа “Миягино” дэвжээнд харьяалалтай Сэнхо Жигүүр тэргүүтэй дөрвөн бөх албан ёсоор зодог тайлжээ. Тэд дэвжээ солигдсон, багш өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар сумо бөхийг орхиж байна.

Зодог тайлсан Сэнхо Жигүүрийн хувьд санданмэгийн зургадугаарт эрэмбэтэй байсан бөгөөд өдгөө 21 настай ирээдүйтэй сумочдын нэг байсан юм. Түүний хувьд жонокүчид зиндаанд түрүүлж байсан нь хамгийн өндөр амжилт ажээ. Сэнход их аварга Хакүхо одоогоос таван жилийн өмнө урилга илгээснээр тэд багш, шавь болсон түүхтэй. Нацү башёгийн дараа нийт 13 бөх албан ёсоор зодог тайлсны нэг нь Сэнхо Жигүүр юм байна.

Сэнхо сэтгүүлчдэд “Багаасаа л сумоч болохыг мөрөөддөг байлаа. Хакүхо аваргыг шүтдэг, барилдааныг нь зурагтаар үзээд унахаар нь уйлдаг хүүхэд байв. Одоо их аваргатай нэгэн дэвжээнд барилдаж байна. Аварга надад жин нэмэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Бэлтгэлээ сайн хийж, зиндаа ахихын төлөө хичээнэ. Хакүхо аварга шиг бөх болохыг хүсдэг” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Гэвч макүшитагийн босгон дээр ирээд зодог тайллаа.