“Singapore Airlines” компанийн онгоц хэдхэн секундийн дотор 54 метрийн өндрөөс унасан гэх ослын дүгнэлт гарчээ

timelive.mn 2024-05-30

Өнгөрсөн мягмар гарагт Лондон хотоос Сингапурын чиглэлд нисэж байсан “Singapore Airlines” компанийн нисэх онгоц агаарт хүчтэй донсолсны улмаас нэг зорчигч амиа алдаж, 71 хүн бэртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Мьянмарын нутаг дээгүүр нисэж байсан 211 зорчигч, нисэх багийн 18 гишүүнтэй Boeing 777-300ER онгоц агаарын хүчтэй урсгалд орсныхоо дараа Тайландын нийслэл Бангкокт ослын буулт хийсэн юм.

Сингапур улсын зам тээврийн яам нислэгийн үеийн хүчтэй донсолгоонд юу нөлөөлснийг тогтоох шалгалтын ажлыг эхлүүлээд байсан ба эхний дүгнэлтээ гаргасныг өчигдөр Сингапурын зам тээврийн яам нийтэлжээ. Тус дүгнэлтэд “Онгоцонд үйлчилж байсан таталцлын хүч (G) огцом өөрчлөгдсөний улмаас суудлын бүсээ зүүгээгүй байсан зорчигчид агаарт шидэгджээ. Босоо чиглэлийн хурдатгал 4 секундийн дотор сөрөг 1.5G-ээс эерэг 1.5G хүртэл өөрчлөгдсөн байна. 4.6 секундийн хугацаанд гарсан G хүчний хурдтай өөрчлөлтийн үр дүнд нислэгийн өндөр 11,388 метрээс 11,334 метр болж, 54 метр өндрөөс унажээ. Ийм үйл явдал зорчигчид, нислэгийн багийн гишүүдийг гэмтэж бэртэхэд нөлөөлсөн байна” гэжээ.

Дээрх ослын улмаас Их Британийн 73 настай иргэн Жофф Кичен амиа алдсан бол бусад зорчигчдын тархи, гавлын яс болон булчин, зөөлөн эдийн гэмтэл аваад байгаа юм.