Н.Номтойбаяр: Одоо тэмцэхээс өөр арга замгүй болж байна

timelive.mn 2024-05-31

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж, Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэж үзэн, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэн, шүүхэд хандаж буйгаа зарлав.

Тэрээр энэ үеэрээ: “Ямар ч тохиолдолд би “Үндэсний Эвсэл”-ээ удирдаж УИХ-ын сонгуульд оролцоно. Улс төрийн намууд бодлогоор өрсөлдөх шаардлагыг бид тавьж байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр нарт Үндэсний халз мэтгэлцэж, бодлогоо ярихыг уриалж байна. Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз зохион байгуулах ёстой. Энэ улс орны төлөө чухам яг юу хийх гэж байгаа юм, яаж хямралт байдлаас гарах юм гэдгээ ярих ёстой. Монгол Улс маш хүнд нөхцөл байдалд байгаа.

Монголчуудын амьдрал маш хүнд байгаа. Маш олон аж ахуйн нэгж компаниуд энэ намчин хулгайчдын увайгүй үйлдэлд маш ихээр хохирч байгаа.

Иргэд нийтээрээ бухимдалтай байгаа, ирээдүйд итгэх итгэл маш ихээр алдарсан. Ийм хүнд нөхцөлтэй байхад нөгөө л нэг улиг болсон золбин аргаараа сонгууль хийх гэж байна, эрх баригчид. Өнгөрсөн 30 жилд Монгол Улсыг хямралт байдалд оруулсан улстөрчдийг нам үл харгалзан зарлана. Өнөөдрийн байдлаар намайг ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудал огт байхгүй. Гэхдээ 2020 онд ч бас ямар ч хэрэг байхгүй байхад мэдүүлэг авалгүйгээр шууд яллах дүгнэлт үйлдээд, шүүхэд шилжүүлж цагдан хорьсон. Улстөрийн хямралт байдлаас гарахын тулд намуудтай хамтарч ажиллая гэдэг ганц л зарчим барьж байгаа. Эрүүгийн шүүхэд итгэх аргагүй гэдгийг би өөрийн биеэр үзсэн хүн.

Тэмцэхээс өөр арга замгүй болж байна. Уг нь эвийг сахиад, улстөрийн соёл гаргаад энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хийе гэдэг уриалга гаргасан. Хүн рүү нулимж байгаа бол харин ч өөрөөр үзнэ шүү.

Улстөрд байгаа намчин, хулгайчдийн дарангуйлал дор монголд бизнес хийж амжилт олно гэдэг маш хүнд. Та нар бодит амьдрал дээр Цагаан суварга дээр очиж үзсэн үү? Ганц харуул хамгаалалтын алба, хашаа л бий. Хөрөнгө оруулалт нь 10 гаруй жил гацаад зогсчихсон үйлдвэрийн суурь л байгаа. Үндэсний хэмжээний томоохон үйлдвэр босгох гэхээр улстөржүүлээд, байнга цоллоод байхаар хэн хөрөнгө оруулалт хийж, зээл өгөхийг хүсэх юм бэ? учир шалтгаан нь ердөө л хэтэрхий их улстөржүүлсэн. Тэгээд л хөрөнгө оруулалт нь зогссон.

Хятадаас долоохон хоногийн дотор мөнгө босгож чадна. Гэхдээ бид үндэсний үйлдвэрлэгч байна, яагаад Монгол инженерүүдийнхээ ур чадвар дээр үндэслээд ганц үйлдвэр босгож чаддаггүй юм. Ийм л эх оронч үзэл санаа нуугдаж байгаа шүү дээ.

Бид биеийн амараа бодсон бол гадны хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад мөнгө босгочихно. Төр засагтайгаа хамтраад явья гээд хүсэлт гаргаж байсан. Хүлээж аваагүй. Одоо “Үндэсний Баялгийн Сангийн тухай хууль”-аар төр 34 хувийг нь эзэмшиж байна. Гай болохоосоо илүү дэм болох хэрэгтэй. Үндэсний хэмжээний нэг үйлдвэр босгочихоё л доо. Хөгжье гэвэл үйлдвэр л босгох хэрэгтэй. Монголчууд бидэнд өөр зам байхгүй. ” гэв.