Ч.Хашчулуун МУИС-ийн багш, эдийн засагч Санхүүгийн салбарын хувьд хэдэн өөрчлөлт гарахаар байна. Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бүрэн сайн ойлгохгүй байгаа ч хувь хүмүүст уул уурхайгаас орж ирэх мөнгийг шууд өгдөг тогтолцоог үүсгэх гээд байх шиг байна.
Саяхан нэг хүнд “Эрдэнэс таван толгой”-н ордын ашгаас нэг хүнд 150 ам.долларыг шууд шилжүүллээ. Ингэснээр эхний ээлжид байнгын орлого орж ирэх боломжтой болсноор иргэдийн зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Энэ мөнгөө барьцаалж өөрөөр хэлбэл, ирээдүйд ирэх ашгаараа зээл авах боломж ирнэ.
Мэдээж Монгол банк хянаад явах байх. Гэхдээ сайн төсөөлж чадахгүй байна. Ирээдүйд уул уурхайгаас орж ирэх 5-6 их наяд төгрөгийг тодорхой хэмжээгээр барьцаалж ашиглах байх яваандаа. Санхүүгийн салбарт бол сайн нөлөө үзүүлнэ. Банкны салбар одоогоор өрсөлдөөн сайн байна. Ер нь баялгийн сан санхүүгийн салбарыг мод усалж, угжиж байгаатай ижил шинэ зүйл гарч ирлээ гэж санагдаж байна. Энэ утгаар их ирээдүйтэй. Баялгийн сангаас сая 500 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүллээ.
Энэ загвар нь Сингапурын загвартай төстэй. Сингапурын загвар нь хүн болгон нийгмийн даатгалын шимтгэлээ төлснөөр сангаа бүрдүүлдэг. Ингэснээр уг сангаас гурван зүйлд ашиглаж болдог. Боловсрол, эрүүл мэнд, орон сууц авахад зориулдаг. Энэ бол шилдэг загвар. Сингапур хүн ам цөөтэй цомхон хот. Богино хугацаанд энэ сангийн загварыг хэрэгжүүлснээр хүн амынхаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны асуудлыг шийдвэрлэж чадсан. Монголын хувьд санд хуримтлагдах мөнгө нь нийгмийн даатгалаас илүү, уул уурхайн салбараас орж ирэх болж байгаагаараа онцлогтой.
Мөнгө энэ салбарт байгаа болохоор болохгүй гэж зүйлгүй. Харин энэ систем хэр зэрэг сайн ажиллаж чадах вэ гэдгийг харах үлдлээ. Зарчмын хувьд олон улсын сайн жишиг мөн. Түүнчлэн Сангийн удирдлага хараат бус байж чадах уу. Буруу зүйлд мөнгөө зарцуулж алдагдал хүлээх үү, зөв зүйлд байршуулж арвижуулах уу гэдэг нь шалтгаална.
0 cэтгэгдэлтэй