Папиллома вирусийн вакциныг товлолын дагуу хийнэ

timelive.mn 2024-06-7

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийдэг байсан бол 2023 оны 10-р сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулсан.

Вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хавдар болон уг вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан. 2024 оны есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлнэ. Зааврын дагуу хийх ёстой бусад насныхны сайн дурын дархлаажуулалт ХӨСҮТ-д хэвийн үргэлжилнэ.

Дархлаажуулалтын тухай хууль 10.1. Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.