“Монполимет” компанийн өмгөөлөгч Г.Нацагдорж: Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олоогүй байж, түүнийг Ц.Гарамжав хатгасан гэж байгаа нь ор үндэслэлгүй

timelive.mn 2024-06-14

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн талаар Хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа.


-“Монполимет” группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавд ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Яллагдагчаар татах тухай тогтоол дотор “ТУЗ-ийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор “Монполимет” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон. Зээлийн гэрээнд заасан зориулалтаар бус гадаад улсад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргээр ашиглаж, мөнгө угаасан” гэсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас авсан 2014 оны зээлийн асуудалд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг.

-Хатгагчаар хамтран оролцсон гэхээр тухайн хэрэгт холбогдуулан өөр хүмүүсийг шалгаж байгаа гэсэн үг үү?

-Авлигын гэмт хэргийг хэн, хэзээ, хэрхэн үйлдсэнийг огт тогтоогоогүй буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг прокурор болон АТГ тогтоож чадаагүй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж байгаа нь буруу дүгнэлт юм. Ер нь бол гэмт хэрэг хэн, хэзээ үйлдэв. Ийнхүү гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн зориуд хүргэсэн гэдгийг эхэлж тогтоогоод дараа нь Ц.Гарамжав хатгасан эсэхийг шалгах ёстой л доо. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн этгээдээ олж тогтоогоогүй байж хатгагчийг нь олж тогтоогоод, түүнийгээ цагдан хориод байгаа нь энэ цаг үеийн хамгийн эмгэнэлтэй явдал юм.

Гэмт хэрэг гардан үйлдсэн хүн гэж байхгүй юм уу?

-Тийм, энэ шалгагдаж байгаа хэрэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоогоогүй байж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Ц.Гарамжав хатгасан гэж байгаа нь ор үндэслэлгүй. Ер нь бол гэмт хэрэгт хамтран оролцсон гэхээр өөр этгээд заавал байх ёстой ч өөр этгээдэд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгээгүй тул үнэхээр өөр хүн огт байхгүй.

-Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргээр ашиглаж, мөнгө угаасан гэдэг нь юу гэсэн үг билээ?

-Харин тийм ээ, яллагдагчаар татах тухай тогтоолд яг ингээд тун ойлгомжгүй байдлаар биччихсэн юм билээ. Санхүүжүүлэх зэргээр гэдгийн ард нь ашиглаж гэсэн үг байгаа биз. Юуг гэдэг нь тодорхой бус байна. Хэрэв зээлийн мөнгийг гэчихвэл АТГ, прокурор хоёрт “Зээлдэгч зээлийн мөнгөө хэрхэн зарцуулах” ёстой нь түй ч хамаагүй болчихно. Тэгэхээр л “Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажина” гэдэг шиг юуг ашигласан гэдгийг нь тодорхойлж чадахгүй, бөөрөнхийлөөд л биччихэж байгаа юм.

-Мөнгө угаасан зүйл байгаа юм уу?

-Хөгжлийн банкнаас “Монполимет” ХХК руу шилжүүлсэн тухайн зээлийн мөнгө нь хууль ёсны тул мөнгө угаах гэсэн ойлголт байх боломжгүй. Хөгжлийн банк л тухайн мөнгийг хууль бус замаар олж аваагүй бол шүү дээ. Мөнгө угаах гэдгийг Эрүүгийн хуульд “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах” түүнчлэн “гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” үйлдлийг хэлнэ гэсэн байгаа. Гэтэл “Монполимет” ХХК нь холбогдох баримтаа бүрдүүлээд, зохих журмын дагуу зээлээ аваад, зээлийн гэрээнд заасны дагуу эргүүлэн төлөөд, зээлийн гэрээгээ дүгнээд, хаачихсан. Мөнгө угааж байгаа юм бол мөнгийг эргүүлэн өгөх ямар ч шаардлага байхгүй.

-2014 оны зээлийн асуудалд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа, хууль хэрэглээ гээд асуудал байдаггүй юм уу?

-Зээл авсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх гэхээр зүйлчлэл нь тохирч өгөхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихаад “тэд нар”-ыг зовоогоод байхаар нь 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэчихэж байгаа юм. Хүндрүүлсэн бол Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчим огт хэрэглэгдэхгүй байна. Тэгэхээр “Монполимет” ХХК-ийг ямар нэг байдлаар нийгмээс тусгаарлах замаар айлгах, компанийнх нь үйл ажиллагааг тасалдуулах замаар хохирол учруулах зорилготой үйл ажиллагаа юм байна гэдэг нь жирийн иргэнд ч ойлгогдохоор байгаа биз дээ. Үнэхээр аргаа бараад 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх гээд үзье л дээ. Нэрлэж буй хоёр гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацааг нь хууль үйлчилж эхэлсэн 2017 оноос тоолоход л 2022 онд дуусчихаж байгаа байхгүй юу. Гэтэл 2024 онд эрүүгийн хэрэг үүсгээд л, цагдан хориод л, эд хөрөнгийг нь хураан аваад л, компанийн үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Энэ улсад чинь Эрүүгийн болон процессынх нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй Ерөнхий прокурор байдаг ч энэ асуудлыг тоохгүй байна гэхээр түүнийг хөдөлгөхгүй байгаа “далд”-ын хүч байгаа л гэсэн үг.

-Хувийн хэвшил рүү хүчний байгууллага дур зоргоороо халдаж, үйл ажиллагааг нь зогсоож, хаалга үүд, тоног төхөөрөмжийг нь лацдаж байгаа үйлдэл нь эргээд тэнд ажиллаж байгаа ажилтан, үйл ажиллагааг нь удирдаж байгаа албан тушаалтан, тэдгээрийн ар гэрт ямар нэг байдлаар дарамт шахалт үүсгэж, цаашлаад улс эх орны хөгжлөөс хойш татсан тийм зохисгүй үйлдэл болж байгаа талаар нийгмийн бүхий л төлөөлөл цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж байна?

-Компанийн үйл ажиллагааг хүчээр ингээд зогсоочихоор ажилтнууд нь цалин хөлсгүй болно. Сул зогсолтын хөлс өгнө гэхээр компанийн буруугаас болоогүй тул компанид алдагдал үүснэ. Мэдээж компани орлого олоогүй тул улсад татвар төлөх боломжгүй гээд олон сөрөг үр дагаврууд гарч ирнэ.

-Монцементийн үйлдвэрийн төсөлд зориулж Хөгжлийн банкнаас авсан “Монполимет” ХХК зээлээ бүрэн төлсөн. Гэтэл яагаад хэрэг үүсгэж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм бол?

-Хохирогчгүй, хохиролгүй, бүр гэмт хэрэг үйлдсэн этгээдгүй хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тодорхой байгаа нь тус компанийн үйл ажиллагааг тасалдуулах гэсэн сонирхол эрх мэдэл бүхий этгээдэд байгаа нь л илэрхий байна. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, дансыг нь хаах зэрэг ажиллагааг хийдэг ч ямар ч хохиролгүй байхад эд хөрөнгийг битүүмжилж, хурааж байгаа үйлдэл нь миний дээрх тайлбарын бодит нотолгоо болно. Дашрамд дурдахад, УИХ-аас зохион байгуулсан Хөгжлийн банкны зээлийн сонсголын үеэр “Монполимет” ХХК нь 126 тэрбум төгрөгийн зээл анх авч, 188 тэрбум төгрөгийг үндсэн зээл, 71 тэрбум төгрөгийг хүү, 775 сая төгрөгийг зээлийн шимтгэлд буюу нийт 261 тэрбум төгрөгийг төлж зээл бүрэн хаасан гэж байгааг анхаарах нь зүйтэй.

-Ц.Гарамжав гэдэг хүнийг хэрэгт татан шалгахдаа түүний хамаарал бүхий компаниуд, үр хүүхдийнх нь дансыг хааж эд хөрөнгийг нь хураан авч болдог юм уу?

-Мөрдөн шалгах ажиллагаа нь Ц.Гарамжав гэдэг хүн рүү чиглэн хийгдэж байгаа тул хувьд ногдох түүний эд хөрөнгө, харилцах дансыг хязгаарлах, битүүмжлэх ажиллагаа хийж болох ч бусад этгээдэд халдсан бүхий л үйлдэл нь хуульд нийцэхгүй. Иймд уурхайг лацдах, бусад компанийн харилцах дансыг хаах, эд хөрөнгө хураах зэрэг нь тухайн хэрэгт хамааралгүй этгээдэд хохирол учруулах, бүр нарийн хэлэх юм бол хорлон сүйтгэх зорилготой л гэж ойлгогдож байна. Энгийнээр хэлбэл “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг нэг иргэнийг шалгаж байна гээд тухайн компанийн үйл ажиллагааг зогсоож болохгүй биз дээ.

-Хэвлэл мэдээлэл, нийгэмд хандсан ажилчдын маш олон мэдэгдэл сүүлийн хэдэн өдөр явлаа. Энэ нь төр засагт тавьж байгаа шаардлага уу?

-Өөрөөс нь болон ажил олгогчоос шалтгаалахгүйгээр үйл ажиллагаа нь зогсоод цалингаа авч чадахгүй байвал зохих этгээдэд нь хандах, анхаарлыг татах эрхтэй шүү дээ.

-Энэ бүхний эцэст Ц.Гарамжав гэдэг хүн буруугүй гэдэг нь тогтоогдвол энэ хугацаанд зогссон бүх хохирлыг хэн хариуцах вэ?

-Хохирлыг төр хариуцна. Энэ талаар хуульд тусгайлан заасан байгаа. Төр хариуцна гэхээр л эзэн биегүй болчихоод байгаа учраас тэд зориуд ийм хууль бус шийдвэр гаргаж, хууль тогтоогч нь хууль дотроо төр хариуцна хэмээн эзэнгүйдүүлж орхисон.

Эх сурвалж: DNN