Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар Үндэсний хорооны дүрэм, Ажлын албаны ажиллах журмын төсөл, Засгийн газрын тогтоолын төсөл болон удахгүй зохион байгуулах “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган” арга хэмжээний зохион байгуулалтын тухай хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийг нэн тэргүүний зорилт болгон тусгаж, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан.
Монгол Улсыг долоон бүст хувааж хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс; Баруун бүсийг эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс; Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс; Төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс; Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс; Говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс; Улаанбаатарын бүсийг олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн бүс нутаг болгон хөгжүүлэхээр тогтсон.
Ирэх 4 жилд дээрх бүсүүдийн онцлогт тохирсон хөгжлийн тэргүүлэх чиглэлийн ажлуудыг хэрэгжүүлснээр хот, хөдөөгийн ялгаа багасаж, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэртэй байдал хангагдаж, хүн амын бүтэц, суурьшилт төлөвлөлтөд эерэг өөрчлөлт гарч, газар нутгийн онцлог, орон нутгийн нөөц боломжид тулгуурласан бие даасан өсөлтийг бий болгосноор нэг хүнд ногдох ДНБ 10.600 ам.долларт хүрэх төсөөлөл бий.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг долоон бүс нутагт хэрэгжүүлэхдээ иргэд, олон нийт, төр, хувийн хэвшлийн оролцоог тэгш хангаж, бүх салбарын уялдаа холбоог сайжруулан, талуудын байр суурийг бодлого, үйл ажиллагаанд жигд тусгах нь чухал юм.
0 cэтгэгдэлтэй