Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл олон улсын “World Justice Project” төрийн бус байгууллагын Ази-Номхон далайн бүсийн захирал Срирак Плипатыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хүний эрхийг хангах болон Авлигатай тэмцэх хуулийн төслүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр “World Justice Project”-ын Ази-Номхон далайн бүсийн захирал Срирак Плипат тус байгууллагаас гаргадаг үндсэн 8 шалгуур үзүүлэлт бүхий эрх зүйт төр, хууль дээдлэх ёсны индексийн талаар танилцуулга мэдээлэл өгсөн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хамтарсан Засгийн газар ирэх 4 жилийн хугацаанд хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх асуудлыг нэн тэргүүнд тавьж, томоохон өөрчлөлт, шинэчлэл хийхээр зорин ажиллаж байгаа талаар онцоллоо. Түүнчлэн сайд Монгол Улс авлигатай тэмцэх шинэ үеийг эхлүүлэхээр ажиллаж буй энэ үед “World Justice Project”-ын төлөөлөлтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн.
“World Justice Project” нь дэлхийн улсуудын эрх зүйт төр, хууль дээдлэх ёсны индексийг тодорхойлохдоо төрийн эрх мэдлийн хуваарилалт, авлига, нээлттэй засаглал, хүний эрх, гэмт хэрэг, хүчирхийлэл, хууль сахиулах ажиллагаа, эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг 8 үндсэн шалгуур үзүүлэлт болон дэд шалгууруудыг анхаарч ашигладаг байна. Ингэхдээ тухайн байгууллагын байр сууриас үл хамааран хараат бусаар тодорхойлдог болохоо төлөөлөгчийн зүгээс онцлон мэдэгдэж байлаа.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын Авлигын эсрэг бодлого хариуцсан зөвлөх Л.Төр-Од, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа нарын төлөөлөл оролцов гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй