Ц.Цогбадрах дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

timelive.mn 2024-11-1

Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй дөрвөн жингийн медалийн төлөөх барилдаан болоход манай улсаас 61 кг-д олон улсын хэмжээний мастер Ц.Цогбадрах хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр Беларус, Киргиз, Ираны бөхийг дараалан ялсан ч шөвгийн дөрөвт Туркийн тамирчинд ялагдсан байна. Улмаар хүрэл медалийн төлөө Азербайжаны Нураддин Новрузовыг цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ. Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс 36 хүрэл медаль хүртсэн байдаг бол 37 дахийг нь Ц.Цогбадрах эх орондоо авчирч байна. Тэгвэл 79 кг-д олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Словакийн бөхөд 2:1-ээр ялагдсанаар V байр эзлэв.

Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шигшээ баг ийнхүү нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, хоёр V байр эзэллээ.