Улсын дугаартаа хаалт хийж, хөдөлгөөнд оролцсон жолоочийн “жолоодох эрх“-ийг 1 жилээр хасаж, 25 мянгаар торгожээ

timelive.mn 2024-12-24

Улаанбаатар хотын авто зам дээр зорчиж явсан улаан хүрэн өнгийн автомашины улсын дугаарынхаа өмнө автомат хөшиг маягийн зүйлийг байрлуулж, улсын дугаараа далдалж, нууцалсан бичлэг цахим орчинд цацагдаж, энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байсан билээ.

Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн жолооч 21 настай А нь өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-аас улсын дугаар далдлагчийг худалдан авч ашиглаж байсан нь тогтоогджээ.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсгийг зөрчсөн байх тул 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 25 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн хугацаандаа төлөөгүй бүх торгуулийг төлүүлж, жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.