“Онгийн улаан нуурын мөсний баяр-2025”-ыг нэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулна.
Тус баярыг тасралтгүй найм дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд аялал жуулчлалын улирлын хамаарлыг уртасгах, говийн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөгөөтээгүүр улаан нуур говийн байгаль цаг уур, зэрлэг амьтад, мал, хүний амьдрах орчинд үзүүлж байгаа эерэг нөлөөллийг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилготой.
Онги голоос эхтэй Улаан нуур нь Өмнөговь аймгаас хойш 140 гаруй километрт Булган, Мандал-Овоо сумын нутгийн заагт байрладаг Монголын говийн алдарт таван нуурын нэг юм.
Хангайн нуруунаас эх авсан Онгийн гол Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн 8 сумын нутгаар 460 гаруй километр замыг туулан урсаж Улаан нуурыг дүүргэдэг.
Мөсний баярыг 2022 оноос Булган, Мандал-Овоо сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулдаг байсан юм.
Харин 2025 оноос Мандал-Овоо сумын Засаг даргын Тамгын газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллах санаачилга гарган бэлтгэл ажлыг хангаж байна.
Онгийн улаан нуурын мөсний баяраар мөсний шагай, олс таталт, сумо бөх, мөсөн дээрх уралдаан, буухиа тэмцээн, тэшүүрийн уралдаан зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
0 cэтгэгдэлтэй