Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана

timelive.mn 6 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт үндэслэн Засгийн газар шинэ Хархорум хотыг Орхоны хөндийд байгуулах зорилт тавин, ажил эхлүүлээд байна. УИХ-д Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь энэ өдрүүдэд хэлэлцэгдэж буй.

Хот байгуулна гэдэг төлөвлөлтөөс гадна хөрөнгө мөнгө, хугацаа их шаардах том ажил. Дархан-Улаанбаатар хотыг холбосон 220 км зам барихад долоон жилийг зарцуулдаг улсын хувьд 500 мянган хүн амтай шинэ хот байгуулахад 500 жил шаардахыг ч байг гэх газаргүй тухай яриа үүссэн нь оргүй үг биш. Гэсэн ч өсөн нэмэгдэж буй хүн амын тэлэлтийг задлах зорилгоор шинэ хот байгуулах зорилт тавиад байна.

Урьдчилсан ТЭЗҮ-ээр 500 мянган хүн амьдран суух боломжтой Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум ам. доллар шаардах тооцоо гарчээ.

Иймээс Засгийн газар хот байгуулахад шаардагдах санхүүжилтийн 70 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийднэ, үлдсэн 30 хувийг улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “босгоно” гэж төлөвлөж буй.

Төр үндсэндээ дэд бүтцийг шийдвэрлэхээр зорьж байна.

Одоогоор хот байгуулахад шаардагдах Архангай аймгийн  Өгийнуур, Хашаат сум, Өвөрхангай аймгийн  Хархорин сумын нутаг дэвсгэрийг хамарсан 189,363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ. Орхоны хөндий нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм. Тодруулж хэлбэл, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв, Монгол Улсын тусгай хамгаалалтын зэрэглэлд бүртгэгдсэн Орхоны хөндийд Эрдэнэ зуу хийд, Шанхын баруун хүрээний Пунцагдаржаалин сүм, Төвхөн хийд, Шанхын баруун хүрээний хийдийн буурь зэрэг түүхэн дурсгалт барилга, архетиктур, үл хөдлөх дурсгалууд оршдог. Хот байгуулахад хосгүй үнэт дурсгалууд эвдэрч балрах, тоногдох эрсдэлтэй тул уг газрыг хөндөхгүйгээр зэргэлдээх нутаг дэвсгэрийг хамарсан 189,363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ.

Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байхаар тусгасан. Ингэхдээ аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлсэн хот байгуулахыг зорьж байна.

Орхоны хөндий дэх түүхэн дурсгалт газруудыг үзэх зорилгоор жил бүр 40 мянга орчим жуулчин ирдэг. Хотыг шинээр төлөвлөж, мөн түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварласнаар жуулчдын тоо өснө гэж тооцож байна.

Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлээр Засгийн газар дараах улс орнуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Турк улстай Орхоны хөндийн түүх археологийн олдворыг сэргээх төсөл дээр  хамтарч ажиллах саналаа илэрхийлээд ажиллаж байна.  Ерөнхий сайдын Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн айлчлалын үеэр Хархорум хот дээр эрчим хүч, инженерийн дэд бүтцийн чиглэлээр ажиллах саналаа илэрхийлсэн. Австрали улстай цэвэр усны шугам хоолой, ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төслийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Болгарь улстай  орон сууцны төсөл дээр хамтарч ажиллаж байна. БНХАУ-тай хотын ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төсөл хамтарч хэрэгжүүлнэ. ОХУ-тай барилгын материалын үйлдвэрлэл,  дэд бүтцийн төсөл дээр хамтарч ажиллана. БНСУ-тай Койка олон улсын байгууллагаар дамжуулан  Шинэ Хархорум хотын түүх археологийн олдворыг олон нийтэд танилцуулах дээр хамтарч ажиллая гэдэг саналаа илэрхийлсэн. Хархорум хотыг байгуулах ажил олон улсын хөрөнгө оруулалт татах том төсөл болно” гэж тайлбарлаж буй.