3/11-ний гамшигт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна

timelive.mn 2025-03-11

2011 онд тохиолдсон байгалийн гамшгийн улмаас амиа алдсан олон арван мянган хүний дурсгалыг Япон даяар хүндэтгэж байна. Тус улсын зүүн хойд нутагт хүчтэй газар хөдөлж, цунами үүсэж, улмаар цөмийн томоохон осол болсноос хойш яг 14 жил өнгөрчээ.

Байгалийн гамшигт нэрвэгдсэн нутгуудын амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол өглөөнөөс эхлэн явагдаж байна. Албан ёсны мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас “эрүүл мэндийн асуудал болон бусад шалтгааны улмаас” амиа алдсан хүмүүсийг оруулаад 22 мянга гаруй хүн амиа алджээ.

2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд эрэгт 9.0 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас цунами дэгдэж, зарим хэсэгт 10 м гаруй өндөр давлагаа үүссэн билээ. Гамшгийн улмаас “Фүкүшима Дайичи” АЦС-ын хэд хэдэн реакторын үйл ажиллагаа нь доголдож, цөмийн түлш алдагдсан юм.

Байгалийн гамшиг, АЦС-ын ослын улмаас олон арван мянган оршин суугч гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд Фүкүшима мужийн 24 мянга гаруй оршин суугч буцаж ирж чадахгүй хэвээр байна.

АЦС-ын оператор компани болох “Токио Дэнрёкү” болон Японы засгийн газар 2051 он гэхэд АЦС-ыг бүрэн татан буулгах зорилт тавьжээ.