
Монгол Улсад Сүүлийн таван жилийн хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 41 мянга 833 тохиолдол бүртгэгдэж, жилд дунджаар 8367 хэрэг гарсан нь энэ төрлийн гэмт хэрэг тогтвортой өндөр түвшинд байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл нэг жилд үйлдэгдэж байгаа таван гэмт хэрэг тутмын нэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол санаатай болон болгоомжгүйгээр учруулах, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг эзэлж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нь дийлэнхдээ иргэд согтуурсан үедээ эсхүл хүн хоорондын энгийн харилцаанд гаргасан үл ялих сөрөг зүйлсээс шалтгаалан хэрүүл маргаан үүсгэж, зодоон үүсгэснээс шалтгаалсан байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасны дагуу, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь дараах зүйл ангиас бүрдэнэ.
Үүнд:
–Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
–Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
–Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
–Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
–Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
–Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
–Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-ИЙМД иргэд та бүхэн гэр бүлийн гишүүн, ойр дотнын хүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах, гэр бүлийн харилцааг сайжруулах, бусдын бие эрүүл мэндэд халдах нь хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй зэрэг хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлснээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг
0 cэтгэгдэлтэй