“Дэлхийд гардаг ганц гарцаа нэг улсад найр тавиад өгч болохгүй”

timelive.mn Өчигдөр

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-Нэгдүгээрт АН-ын зүгээс хуулийн төсөл өргөн бариагүй. Нийгэмд үүсээд байгаа шатахуун, биржийн хуулийн асуудал, чөлөөт худалдааны гэрээ гэх мэт асуудлыг Засгийн газраас оруулж ирж байгаа шүү дээ. Түүнээс биш АН-аас оруулж ирээд байгаа юм огт байхгүй. Уг нь бол АН-ын бүлэг улс төрийн зөвлөл дээр энэ асуудлаар хэлэлцэх ёстой боловч огт энэ хэлэлцэгдээгүй. Одоо намын бүлэг дээр завсарлага аваад энэ асуудлыг хэлэлцье гэдэг чиглэл рүү явж байх шиг байна. Эдгээр төслүүд Засгийн газар дээр байгаа АН-ын гишүүд, сайд нарын эрхлэх ажлын хүрээнд байгаа учраас л тэгж харагдаад байх шиг байна. Гэхдээ намын бүлэг дотроо гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Жишээ нь миний хувьд ОХУ-тай хамтарсан компани байгуулах асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Дэлхийд гардаг ганц гарцаа нэг улсад найр тавиад өгчихдөг зүйл гэж юу байсан юм бэ. Нүүрсний хулгай гээд л Монголчууд бүгдээрээ жигшин зэвүүцсэн.  Гэтэл яг тэрний дараагийн загварыг угсрах гээд УИХ-д оруулж ирэх гэж байгаа нь байж боломгүй зүйл.

Ард түмэн юу хүсэж байгаа вэ, төр ямар байх ёстой вэ гэхээр аль болох цомхон байх ёстой. Дарга нар нь цөөхөн байх ёстой. Би УИХ-ын даргад асуумж тавих саналтай байгаа. Монгол Улс жилдээ нэг удаа малаа тоолдог шүү дээ. Түүн шиг дарга нараа тоолъё. Дарга нарын тоо хэрээс хэтэрсэн байна. Тэрний тод жишээ бол бүтээмжийн, хяналтын гэх мэт нэртэй өндөр цалинтай менежерүүд. Ядаж томилж байгаа юм бол улс төрийн зөвлөл, намын бүлгийн хурлаар оруулж ямар ажил хийх, ямар үр дүн гаргахыг нь шалгадаг байх нь хэрэгтэй. Гэтэл энэ ердөөсөө л хуйвалдааны зарчмаар явчихсан. Хэрвээ зарчим гэж байдаг бол нэгдүгээрт намаараа орох ёстой. Гэтэл эдгээр томилгоонууд цөөхөн хэдэн хүний хуйвалдаан болсон. Үүнд АН-ын бүлгийн ямар ч шийдвэр гараагүй гэдгийг хэлье.