
Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн гранпри цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэгийн Пуна хотод үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 10 шатарчин цугласан тэмцээний зургаа дахь өрөгт “The MongolZ” багийн тоглогч, дэлхийн чансааны 88 дугаарт эрэмбэтэй их мастер Б.Мөнгөнтуул хожигдлоо. Түүний ээлжит өрсөлдөгч нь дэлхийн эмэгтэй чансааны гуравт жагсаж буй Энэтхэгийн их мастер Хампи Конеру байв. Хампи Б.Мөнгөнтуул хоёр морины/knight эсрэг 4.Ng5 нүүдлийг хэрэглэдэггүйг анзаарсан тул туршихаар шийдсэнээ тоглолтын дараа ярьсан байна. Түүний энэ арга ч амжилттай болж Б.Мөнгөнтуулд гэнэтийн цохилт болсноор манай тамирчны хожигдох эх үндэс болов. Хампигийн хувилбар түүнийг гайхшруулж, нээлтэд багагүй хугацаа зарцуулах нь тэр. “Хар талаас нүүсэн миний хувьд маш чухал тоглолт гэдгийг би мэдэж байсан. Би зүгээр л чадах бүхнээ оролдохыг хүссэн. Энэ байрлал зүгээр л төвөгтэй нээлт болж, самбар дээрээс хараад баяртай байсан” гэж Конеру сэтгэгдлээ хуваалцжээ.
Ингэснээр манай мастер гурав дараалан хожигдож, хүснэгтийн наймдугаар байрт хоёр оноотой жагсаж байна. Түүний хувьд өнөөдөр тэмцээнийг тэргүүлэгчдийн нэг Девяа Дешмухтай тоглох юм. Зургаан өргийн дараа Хятадын их мастер Жу Жинер дөрвөн хожил, хоёр тэнцээтэйгээр шатарчдыг тэргүүлж байгаа бол Энэтхэгийн Хампи Конеру гурав хожиж, гурав тэнцсэнээр 4.5 оноогоор нэхэж байна. Харин Б.Мөнгөнтуултай тоглох Девяа гурван хожил, хоёр тэнцээтэй гуравт жагсаж байгаа юм.
0 cэтгэгдэлтэй