
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талын Байгалийн цогцолборт газрын Сээрийн нуруунд нутагшиж буй тахийн сүрэгт Эх дэлхийн өдөр буюу өчигдөр энэ оны анхны унага мэндэлжээ.
Энэ нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт хамаарах Мүүнрайдэр (Moonrider) нэртэй гүүнээс гарсан эр унага бөгөөд түүний Хомын Талд төрүүлсэн тав дахь унага аж. Хомын талд 20 жилийн өмнө тахь сэргээ нутагшуулснаас хойш өнгөрсөн онд 150 гаруй тахьтай болсон байв.
Монгол Улсад 2022 оны байдлаар Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 400 гаруй, Тахийн талд 400 орчим, Хомын талд 200 орчим гээд нийт тоо толгой нь мянга орчим болсон мэдээ бий.
Тахь нь манай орны унаган зүйл хэдий ч 1960-аад оны сүүлээр устсан түүхтэй. Тахь сэргээн нутагшуулах ажлыг 1992 онд Европ, Австралийн амьтны хүрээлэн эхлүүлж, Төв аймгийн Хустайн нуруунд анх 16, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 5 тахийг, 2004 онд Завханы Хомын талд 12 тахийг зөөвөрлөн авчирсан. Энэ нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 он хүртэл “байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “устаж байгаа”, 2011 онд “устаж болзошгүй” гэх ховордлын хоёр ч зэрэглэл бууруулсан билээ.
0 cэтгэгдэлтэй