Б.Дэлгэрсайхан: Төлбөртэй зам бий болгоно

timelive.mn 5 цагийн өмнө

Монгол Улсын эдийн засагт үр өгөөж өгөх автозамуудыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхийн зэрэгцээ хүнд даацын автомашин явахад зориулагдсан байхаар барьж, төлбөр авна гэдгээ Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдлээ.

Энэ талбаар тэрбээр “18 аймаг, гурван хот, 330 суманд зам тавина гэхээс илүү Монгол Улсын эдийн засагт үр өгөөж өгөх гурван зам дээрээ төвлөрч ажиллана. Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Даланзадгад, Мандалговь дамжсан, Хөшигийн хөндий рүү орж ирсэн автозамыг дөрвөн эгнээ болгоно. Хүн амын орлогын албан татварын нэг хувийг дэд бүтцийн салбарт оруулж болно гэсэн хууль батлагдсан тул энэ татварыг өнөө жил нийслэлд зориулна. Харин ирэх жил автозамын салбарт авч, дээр дурдсан эдийн засгийн өгөөж өгөх автозамуудад зарцуулна.  “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” , жижиг “Тавантолгой” компани, шатахууны компани, цемент үйлдвэрлэгч компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд нэг хувийн татвар аваад дөрвөн эгнээ хүнд даацын зам тавихад Мандалговь л орж ирнэ.  Мандалговиос нааш авто зам тавихын тулд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас зээл авч шийдвэрлэнэ. Энэ замыг төлбөртэй болгоно. Монголын анхны төлбөртэй автозам Цогтцэцийгээс-Гашуунсухайт хүртэл тавигдаж байсан. 130 тоннын даацтай автомашин 200 мянгаас 300 мянган төгрөгийн төлбөр төлөөд явдаг байсан. Ийм замыг аль болох эдийн засгийн үр өгөөж маршрут руу тавина. Замын-Үүд, Сайншанд, Чойр, Багахангай, Хөшигийн хөндий рүү татна. Эргэж мөнгө олдог зам тавина.

Говьсүмбэр хүртэл хувийн хэвшлийнхэн хувийн зам барина гэж байгаа. Төлбөрийг харилцан тохиролцож болно. Нэг рейсэндээ 44 тоннтой  Улаанбаатар хот руу явах уу, 300 мянгаас 500 мянгыг төлөөд 100 тоннын ачаа ачаад аюулгүй зорчих уу гэдэг нь өөрийнх нь сонголт байх юм. Говьсүмбэрээс-Хөшигийн хөндий хүртэл Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас зээл авна. Төлбөрөөрөө зээлээ төлдөг болно.

Хоёрт, Лүнгээс -Хархорин хүртэлх замыг зургаан эгнээ болгоно. Энэ зам аялал жуулчлалын гол зам, мөн ард иргэд баруун аймгууд руу их зорчдог. Хархорин оруулчихад цаашаа задраад явчихна. Гадаадын донор орнуудын хөнгөлөлттэй зээлээр барина” гэлээ