Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд гаргалаа

2023-01-12

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан талаар  Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэж байна. 

-2022 оны төсвийн гүйцэтгэлийг хэрхэн дүгнэсэн бэ?

– Монгол Улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирч гарлаа.  Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь хүрч байгаагүй 12.5 тэрбум ам.долларын экспортыг хийж чадсан.  Импорт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн хэдий ч зөрүү нь 3.8 тэрбум ам.доллар буюу худалдааны тэнцэл сайжирч гарсан. Энэ нь 2022 оны төсвийн алдагдлыг бууруулахад гол нөлөө үзүүлсэн. Экспорт дотор биет хэмжээгээрээ хамгийн том нь нүүрсний экспорт байдаг. Өнгөрсөн оны тавдугаар сард төсвийн тодотгол хийх үеэр нүүрсний экспортыг 18 сая тонн байна гэж тодотгол хийж байсан. Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 31.7 сая тонн нүүрс экспортолж чаджээ. Энэ нь төсвийн орлого, валютын орлого нэмэгдэхэд гол үзүүлэлт боллоо. 


-Нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу вэ?

-Нүүрсний экспортыг дөрвөн боомтоор хийдэг. Нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн зүйл нь тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийн тулд урд хөршөөс тавьсан хорио цээрийн дэглэмийг нарийн мөрдөж , сахилга баттай хамтарч ажиллаж чадсаны дүнд экспортоо нэмэгдүүлж чадсан. 2022 оны I, II улиралд хилээр өдөрт 285 тээврийн хэрэгсэл гардаг байсан бол одоо тээврийн хэрэгслийн тоо өдөрт  1247-д хүрсэн. Төсвийн хөрөнгө оруулалтаар 1376 төсөлд 1.5 их наядын санхүүжилт хийсэн.  Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг тавдугаар сард батлагдсанаар үр дүнгээ сайн өглөө. Нийтдээ  189.1 тэрбумыг урсгал зардлаар хэмнэсэн бол Тендерийн хуулиар 29.5 тэрбумыг хэмнэсэн. Ингэснээр нийт хэмнэлтийн зардал 218.6 тэрбум болсон. 


-Засгийн газраас бонд гаргасан гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тавдугаар сард төлөгдөх “Гэрэгэ” бондын 530 сая ам.доллар, дараагийн жил нь төлөгдөх Засгийн газрын “Хуралдай” бондын 600 сая ам.доллар буюу нийт 1.1 тэрбум ам.доллар орчим Засгийн газрын өрийн зохицуулалт хийх зорилттой ажиллалаа.  Ташаа мэдээллээс болж, өнгөрсөн дөрөвдүгээр улиралд манай гадаад зах зээл хаалттай байлаа. Ийнхүү Засгийн газраас үүрэг авч, арванхоёрдугаар сард өрийн зохицуулалт хийх гэтэл амжилтгүй болсон юм.


Бид зах зээлээ судалж танилцуулгаа хийж, арилжаагаа хийсэн. Бидний зорилтот хэмжээ бол таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргасан байсан. Хүү нь 11-12 хувь гэж бодож орсон. Гэтэл 650 сая ам.долларын бондын хэмжээнд 138 хөрөнгө оруулагчаас нийт дөрвөн тэрбум ам.долларын захиалга ирсэн. Үүний үр дүнд хүү 8.65 хувь болж буурч чадсан. Энэ бол маш том амжилт. АНУ-ын Төв банкны хүү нэг байхад “Гэрэгэ” бондыг 5.7 хувь, “Хуралдай” бондыг 8.75 хувиар гаргаж байсан. Харин өнөөдөр АНУ-ын Төв банкны хүү 4.3 хувь байгаа үед 8.65 хувиар бонд гаргаж чадлаа. Энэ бол гаднын хөрөнгө оруулагч нарын хувьд манай Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй эерэг дүгнэлт гэж харж болно. 

 “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан