Орхон аймгийн МАН-ын гишүүдийн гэрээс их хэмжээний мөнгө хураан авчээ

2023-03-4

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сард Орхон аймагт ажиллаж Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит үйлдвэрийн захирал Д.Бүүвэйбаатарын гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан байна. Гэрээс нь олдсон 400 сая төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй тул түүний эхнэр, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг өнгөрөгч сарын 19-нд АТГ-аас баривчилжээ.

Гэрт нь байсан мөнгөтэй холбогдуулан өөрийг нь биш эхнэрийг нь баривчилсан шалтгааныг Д.Бүүвэйбаатараас тодруулахад “Уучлаарай энэ талаар мэдээлэл өгөхгүй байх талаар хууль сануулж гарын үсэг зуруулсан болохоор мэдээлэл өгөх боломжгүй байна* гэсэн тайлбар өгсөн юм.

Тэд Орхон аймгийн МАН-ын хорооны удирдах зөвлөлийн гишүүд, нутгийн удирдлагад албан тушаал хашдаг тул Засаг даргын Тамгын газраас тодруулага авах гэсэн боловч Засаг дарга С.Батжаргал нь холбогдох дугаараа унтраасан, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут гадаадад айлчилж яваа гэсэн шалтгаанаар холбогдсонгүй.

Авлигатай тэмцэх газар Орхон аймагт ажиллахдаа Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженер П.Түвшинжаргал, түүний эхнэр Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын дарга Н.Нямсүрэн нарыг мөн 1.5 тэрбумын хэрэгт холбогдуулан тус тус цагдан хорьжээ.

Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, албан тушаалтнуудтай холбоотой дээрх хэргийн талаар Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэлийн төлөөлөгч Цэндхүүтэй холбогдсон боловч худал дугаар өгч төөрөгдүүлсээр ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй юм.