Ц.Учрал: Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад эргэн төлөөгүй ААН, ТББ, иргэний мэдээллийг ил болгоно

2023-04-10

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ц.Учрал “Засгийн газрын 2023-2024 онд авлигатай тэмцэх жил болгосон ажлын хүрээнд 2023 оны зургаадугаар сарын 1-ны дотор машинд унших байдлаар Шилэн сайтын мэдээллийг олон нийтэд ил болгох үүргийг өгсөн.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан 6092 ААН, төрийн болон ТББ, иргэний 52,4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн мэдээллийг ил гаргалаа. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг долоо хоногийн хугацаанд ил болгоно. Үе, үеийн сайд нарын олгосон зээл байгаа юм.

Мөн төрийн болон төрийн өмчит байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг ил болгож байна. Нийт 120 гаруй төрийн болон төрийн өмчит байгууллага байдаг ба эхний ээлжид 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдин нэрсийг ил болгож байна. 

Авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй таван “5 Ш ажиллагаа хоорондоо уялдаа холбоотой. Мэдээллийг ил болгохоор томоохон бүлэглэлүүдийн ашиг сонирхол хөндөгдөх нь дамжиггүй. Тиймээс шилэн ажиллагааны эсрэг олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн үйлдлүүд гарахыг үгүйсгэхгүй тул сэтгүүлчид болон олон нийт худал мэдээлэлд автахгүй, хууртахгүй, анхаарлаа сарниулахгүй байхыг анхааруулж байна.