Уул уурхайн бус Экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах шинэ үйлдвэр ашиглалтад орлоо

2023-06-22

“Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн Брэнд болгоно” гэсэн Алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд 2017 онд олон улсын жишигт нийцсэн “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр” байгуулахаар 3 үе шаттай төслийг хэрэгжүүлж байсан “Очирдагинас” ХХК,  “Экспортын үйлдвэр”-ийнхээ төслийн 2 дахь шат болох “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-ийнхээ нээлтийг өнөөдөр хийж байна.

Уг үйлдвэрийн онцлог нь Монгол улсдаа анх удаа “Нөөшилсөн буюу консервлосон махан бүтээгдэхүүнийг” экспортод гаргах үйлдвэр барьсан явдал юм. Тус үйлдвэрт нийт 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг банкны зээл болон өөрийн санхүүжилтээр хийсэн байна. Шинэ үйлдвэр нь ашиглалтад орсноор 50 гаруй ажлын байр шинээр бий болж байна.

Очирдагинас ХХК нь “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-тээ Дэлхийн шилдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Герман улсын Handtmann компанийн бүрэн автомат консерв савлах шугам, хэлбэржүүлэн шахах төхөөрөмж, MULTIVAC компанийн бүрэн автомат савлагааны шугамуудыг суурилуулсан байна.

Эдгээр бүрэн автомат шугамуудыг суурилуулснаар цаг хугацаа, эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, бүтээмж нэмэгдэж үйлдвэрлэлтийн хэмжээг 4.5-6 дахин нэмэгдүүлж байгаа зэрэг ач холбогдолтой юм байна.

Очирдагинас ХХКомпани нь:

  •  Эхний ээлжинд сард 100 тн консерв үйлдвэрлэн экспортод гаргах боломжтой.
  • Мөн импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дотоодын хэрэглэгчдэдээ нийлүүлэх юм. Тухайлбал худалдаанд гарсан цагаасаа хэрэглэгчдийн таашаалыг маш их хүртсэн Bio брэндийн элэгний нухшийг үйлдвэрлэх ба цаашид олон төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргана.
  • БНСУ-ын THE-O CORPORATION болон Natural Core компаниудтай 2017 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд гэрийн тэжээвэр амьтанд зориулсан 9 нэр төрлийн дайвар түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд нийлүүлж байна.
  • Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор гэрийн тэжээвэр амьтдад зохиулсан дайвар түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнээ БНСУ-аас гадна ОХУ, Польш, Канад, Япон, Хонконг зэрэг улсуудад гаргана. Ингэснээр Монголдоо хэрэглээ бага, нядалгааны үеэр ихэнх нь хаягдаж буй малын гэдэс дотрын хэрэглээ нэмэгдэж эдийн засгийн эргэлтэд орох юм.

Одоо “Очирдагинас”ХХК нь жилд 100 тн дайвар түүхий эд хэрэглэж байгаа бол шинэ үйлдвэр нь ашиглалтад орсноор жилд 400 тн малын гэдэс дотор хэрэглэх юм байна. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна.

Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж 55 улсад 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Уул уурхайн салбарт 25000 хүн, хөдөө аж ахуйн салбарт 300 мянган хүн ажиллаж байна. “Очирдагинас”ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын үйлдвэр”-ийн төслийн гол зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа “Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн брэнд” болгоход чиглэж байна.

Тэд төслийн 3 дахь шат болох “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр”-ийн төслийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.