Б.Пүрэвдорж: Гэр бүл салгасан хүнд ямар хариуцлага тооцох вэ? Б.Энхбаяр: Хайр сэтгэл хуульчлагддаггүй

timelive.mn 2023-11-9

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нууц амраг, араар тавилтаас болж жилд 6,000 хос салж 10,000 хүүхэд хагас өнчин болж байна. Араар тавилтын гэмт хэргийн улмаас хүүхэд маш их хохирч байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь араар тавиад аль буруутай нь хохирол төлж байгаа зарчим энэ хуульд орсон байна. Гэтэл тэр тогтвортой байсан гэр бүлийг салгасан хүнд хариуцлага тооцох механизм энд огт байхгүй байна. Сайхан амьдраад явж байсан гэр бүлийг гаднаас ирж бусниулж байгаа нууц амрагийг Эрүүгийн хуулиар яллаж гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийг нийгэмд бий болгомооргүй байна” гэв.

Энэ асуудлын талаар ажлын хэсгийн судлаач, доктор н.Амарсанаа “Гэр бүлээс гадуурх харилцаанд олон улсад Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж байсан уламжлал байдаг. Гэхдээ гэмт хэргийн тодорхой үйлдэл нь гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх зайлшгүй байх хэрэгтэй байдаг. Энэ үүднээс өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хариуцлага үүрүүлж байсан улс орнууд тухайн хувь хүний эрхийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг.

Өнөөгийн манай Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу гэр бүлтэй гэдгийг нь мэдсээр байж гэр бүл цуцлагдах үндэслэл болсон этгээдэд хохирогч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж болдог” гэв.

Үргэлжлүүлэн энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Хайр сэтгэл хуульчлагддаггүй. Энэ бол цэвэр ёс суртахууны асуудал. Хуульчилж огт болдоггүй харилцаа гэж байна. Гэр бүлийн хосын нэг нь гуравдагч хүн лүү харсныг хайр, шохоорхол, дурлал юм уу гэдгийг дотор орсон юм шиг мэдэхгүй шүү дээ. Гуравдагч хүнийг харж болохгүй гэж хууль бичиж болохгүй” гэлээ.