ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Швейцарын холбооны улсаас БНХАУ, Монгол Улс, БНАСАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Юрг Бурриг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян “ОБЕГ-аас Швейцарын холбооны улстай хамтран 2017 оноос хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.
Мөн “Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх баг”-ийн ангилал бүхий дунд шатны аврах багтай болох зорилгод томоохон түлхэц болох хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд бүх төрлийн дэмжлэг үзүүлж, техник аргазүйн зааварчилгаагаар хангаж, сургагч багш нарыг бэлтгэх, аврагчдыг чадавхжуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг хандивласанд болон аврагчдыг дадлага сургууль хийх модуль сургалтын төвийг барьж байгуулахад туслалцаа үзүүлэх зэргээр олон талын дэмжлэг үзүүлж байгаад талархалтай байгааг илэрхийллээ.
Түүнчлэн төслийн гурван талт хамтын ажиллагаа буюу Монгол улс, Швейцарын холбооны улс болон БНХАУ-ын цаашдын оролцоо, төсөл хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар санал солилцсон юм.
Онцгой байдлын байгууллагаас Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох зорилтоо биелүүлэхэд бүхий талаар дэмжин ажиллаж, “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй