Я.СОДБААТАР: Ерөнхийлөгчийг хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэг хийсэн хүмүүсийг тогтоон шалгаж байна

timelive.mn 2023-11-20

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэр бүхий цахим хаягаас Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Хятад хэлээр ярьж буй мэт хуурамч дүрс, видео бичлэгийг цацсан. Уг асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар тайлбар хийлээ.

Тэрбээр

Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, гадаад харилцаа, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийг хагалган бутаргах зорилгоор Ерөнхийлөгчийн нэр төрд халдан орчин үеийн программ хангамж ашиглан хуурамч мэдээ, мэдээлэл гаргасанд туйлын харамсалтай байна. Энэ нь улс орны нэр хүнд, хоёр орны найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болж байна. Үндсэн хуульд заасны дагуу Монгол улсын Ерөнхийлөгч эх орноо гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул Төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг.  Тиймээс хуулийн байгууллагад хандаж буйгаа албан ёсоор илэрхийллээ.

Одоогоор хэргийг үйлдсэн гэх хоёр монгол хүн болон холбогдох хүмүүсийг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон, иргэд олон нитэд хандан нийгмийн цахим сүлжээнд гарч буй аливаа мэдээлллийг нягталж, шүүлтүүртэй хандахыг хүслээ.