Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох эсэх асуудлаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын/ЗГХЭГ/ дарга байр сууриа илэрхийллээ.
ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан “Цэргийн ангиудад шалгалт хийх ажил явагдаж байна. Цэргийн амьдрах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, илүү чадварлаг цэргийн байгууллагатай болох зэрэг олон нийтээс тавьж буй шаардлагатай Засгийн газар санал нэг байна.
Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай учир цэрэг, арми, хилийн аюулгүй байдлын асуудалд илүү анхаарал хандуулж, байх шаардлагатай төсвийг хангалттай суулгаж чадаагүй нь өнөөдрийн дүр зургийг бий болгож байгаа гэдэгтээ бид санал нэгдэж, анхаарч ажиллах ёстой.
Ямар учир шалтгаанаас болж нөхцөл байдал үүссэнийг эцэслэн тогтоогоогүйгээр Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох асуудлыг ярихад эрт гэж ойлгож болно. Сайдаас шууд хамаарсан алдаа дутагдал мөн, үгүйг харгалзан үзэхгүйгээр улс төрийн хариуцлага тооцдог асуудал олон байсан. Цаашид уг асуудлыг аль ч түвшинд бодолцохгүй бол төрийн тогтворгүй байдал алдагдах аюул ирж байна.
Олон нийтийн шүүмжлэлийг бид хүлээж авч байх ёстой, гэхдээ бодитоор хандах зарчмыг баримтална” гэсэн тайлбарыг хэлэв.
0 cэтгэгдэлтэй