Б.Батзориг: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн регистрийн дугаараар газар дээр нь шууд мэдээлэл авдаг болсон

timelive.mn 2023-11-30

Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “ECS” программ шинэчлэл хийгджээ.

Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

– Өнгөрсөн хугацаанд хэчнээн гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан бэ? 

– Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 оны эхний арван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 28,625 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 9.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүнээс энэ хугацаанд 1,261 тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 8,478 тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэж, бусад тохиолдлыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг эрх зүйн актыг баримтлан хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хороо, сумын хамтарсан багийн хяналтад өгөх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зарим шаардлагатай иргэдийг архины сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулах санал хүргүүлэх зэргээр хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж байна.

Статистик мэдээллээс харахад харамсалтай нь бүртгэгдсэн хоёр хэрэг тутмын нэг нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий нэгнийхээ бие, эрх чөлөөнд халдаж байжээ.

– “ECS” систем шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу? 

– Цагдаагийн байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд дуудлага, мэдээллийн “ECS” систем болон бусад мэдээллийн санг шинэчлэх ажлыг үе шаттай хийсээр ирсэн.

Энэ удаад иргэний регистрийн дугаарыг дуудлага, мэдээлэл дээр газар дээр нь очиж ажилладаг эргүүлийн цагдаагийн алба хаагч, түүнд хяналт тавьдаг дарга, ахлахуудын ашигладаг албаны таблет төхөөрөмж, компьютерт нь шууд холбож өгснөөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн өмнөх түүх, дуудлага, мэдээллийн давтамж, хүчирхийлэл үйлдэгч, хохирогч, тэдний гэр бүлийн боломжит бүхий л хувийн болон хэрэг, зөрчлийн мэдээллийг ганц хоёрхон сонголтоор дарж гаргаж ирэх боломжтой болсноороо онцлог юм.

Замын цагдаагийн алба хаагч нар тээврийн хэрэгслийг зогсоож регистрийн дугаарыг нь асууж таблетаар шүүгээд өмнө нь арга хэмжээ авагдаж байсан эсэх, жолооны үнэмлэх нь хүчинтэй эсэхийг газар дээр нь шалгадаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн.

Яг үүнтэй ижил Монгол Улсын ямар ч иргэний регистрийн дугаараар тухайн иргэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдол, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх, шүүхээр ял шийтгүүлээгүй ч Цагдаагийн байгууллагад дуудагдаж, шалгагдаж гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй гэж тухайн асуудал нь хаагдаж байсан эсэхийг тэр байтугай тухайн иргэн галт зэвсэг эзэмшдэг эсэхийг бүхий л мэдээллийг нэг дор авах боломжтой болж байгаагаараа онцлог.

Нөгөө талаар энэхүү программыг хувийн сонирхлоор ашиглаж болзошгүй гэх шүүмжлэл ирж магадгүй. Тэгвэл ЦЕГ-ын кибер аюулгүй байдал, программ хангамжийн хяналт хариуцсан алба хаагчид дуудлага, мэдээллийн “ECS” программын аюулгүй байдалд байнгын хяналт тавих зохион байгуулалтын арга хэмжээ авч чадсан.

Энэхүү дуудлага, мэдээллийн “ECS” программд нэвтэрсэн тохиолдол бүрд “Лог” буюу хэн, хэзээ, хаанаас хэрхэн яаж нэвтэрсэн, ямар мэдээллийг шүүсэн гэх мэт бүх мэдээлэл давхар бүртгэгдэж байдаг, энэ нь иргэний мэдээллийг хувийн зорилгод ашиглах ямар нэгэн эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг юм.

Энэхүү дуудлага, мэдээллийн “ECS” программын шинэчлэлийн хамгийн чухал ач холбогдол нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн регистрийн дугаараар шууд мэдээлэл авдаг болсон ба энэ нь Монгол гэр бүл, тухайн гэр бүл дотор байгаа хүүхдийн дахин дахин хүчирхийлэлд өртөх эрсдэлийг бууруулах, цагдаагийн алба хаагчаас богино хугацаанд оновчтой зөв шийдвэр гаргах, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд ямар нэгэн шийтгэлгүй өнгөрөх явдлаас сэргийлэх, хууль зөрчсөн үйлдэл бүрийг мэдээллийн санд бүрэн гүйцэд бүртгэж, хариуцлага заавал байх хуулийн зарчмыг хэрэгжүүлэх, Монгол гэр бүлийн амар тайван аюулгүй байдлын төлөө хийгдсэн ажил юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд болон хардах сэрдэх донтой энэ нь хүндэрч хүчирхийлэлд шилжиж байгаа иргэддээ хандаж хэлэхэд таны үйлдэл бүр бүртгэгдэж та цаашид хуулийн хариуцлага хүлээхээс өөр гарцгүй болсон гэдгийг үүгээр илэрхийлж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар