Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа.
А.А.Козолов худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Орос, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдоод удаагүй байгаа. Тиймээс ноён А.А.Козловыг Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Тус комиссын 25 дугаар хуралдаан өнгөрсөн аравдугаар сард болж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Бээжин хотноо “Бүс ба Зам” чуулга уулзалтын үеэр уулзсан билээ. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустинтай уулзаж, худалдааны тэнцлийг сайжруулах, УБТЗ болон эрчим хүчний өргөтгөл гэсэн гурван чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Тиймээс эдгээр уулзалтын үеэр хөндөгдсөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг бодит ажил болгоход чиглэсэн тодорхой ажлуудыг шуурхай хэрэгжүүлэхэд талууд онцгой анхаарал хандуулахын чухалыг Ерөнхий сайд онцоллоо.
Ялангуяа, Монгол, ОХУ-ын худалдааны тэнцлийг сайжруулах, УБТЗ-ын өргөтгөл шинэчлэл, эрчим хүчний салбарт олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хамтарч хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, Улаанбаатар, Москва хотуудын харилцааг гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлд хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар талууд санал солилцлоо.
0 cэтгэгдэлтэй