УИХ дахь Ардчилсан Намын/АН/ бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Ардчилсан Намаас Өрийн дарамтгүй сэдвийн хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэг дуусаж байна.
Монгол Улсын шинээр төрсөн иргэн бүр 34 сая төгрөгийн өртэй. Улсаараа 34 тэрбум ам.долларын өртэй, үүнийг 3.4 сая иргэнд хуваахад шинээр төрсөн иргэн бүр 10,000 доллар буюу 34 сая төгрөгийн өртэй болж байгаа юм. Энэ асуудлыг Монголбанк ярьдаггүй, бодлогын хүү нэмэгдүүлэх байр сууринаас хандаж ирсэн байна.
Хөдөө орон нутгаар явахаар иргэдийн гар дээр мөнгө алга. Бодлогын хүү өндөр болохоор банкууд зээл гаргахгүй, мөнгийг үгүй болгосон байдал анзаарагдаж байна.
Малчид цагаан идээгээ, тариаланчид төмс хүнсний ногоогоо зарж чадахгүй болжээ. Иргэд цалин, тэтгэврийн зээлийн өрд орсон байна.
Бензин, шатахууны хомсдол орон нутагт туйлдаа хүрсэн. Сумын ШТС өдөрт 200 литрийн хязгаар тогтоочхоод иргэдэд 10, 20 литрийн шатахуун өгч байгаа байдал сар үргэлжиллээ.
Жил бүр арванхоёрдугаар сарын 7-нд эхлэх малын тооллогоос өмнө малчид малаа нядалдаг. Гэвч мад нядлах хүн хүчгүй болсон байна. Чадалтай нь малаа бойлж, чадалгүй нь малаа зудад алдах нөхцөл тулж ирсэн байна.
Малын тэжээл үнэтэй байна. Эдгээр асуудлыг Засгийн газар, УУХҮЯ-нд тавьсан боловч аргацаасан байдлаар ярьж иржээ.
2024 оны төсөвт нэг их наяд орчим төгрөгийн зээлийн хүү төлөх мөнгийг баталсан. Энгийнээр харахад жил бүр Монгол Улсын гадаад өрийн зөвхөн хүүд нь таван сая толгой хонийг өгөхтэй тэнцэх хэмжээний өр байна. Энэ мөнгийг зээлийн хүүд биш нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл буюу иргэдийн амьдралыг дээшлүүлэх зүйлд зарцуулах ёстой. Эрх баригчдын энэ байдал ард иргэдийн амьдралд өрийн дарамт, үнийн өсөлт, шатахуунгүй гээд бэрх байдалд хүргэж байна” хэмээн ярилаа.
0 cэтгэгдэлтэй