Шатахууны нийлүүлэлтийн талаар УУХҮ- ийн сайд Ж.Ганбаатар “АИ-92 өнөө маргаашдаа нэмэгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Жолооч бүхэн саваа дүүргэхээр эрэлт хоёр дахин нэмэгдэнэ. Шатахууны үнэ нэмэгдэхгүй, нийлүүлэлт тасрахгүй. ОХУ өнгөрсөн жил өгсөн хэмжээний бензинийг нийлүүлсээр байгаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр 78 мянган тонн АИ-92 ирсэн.
Сүүлийн гурав хоног иргэд дараалалд зогсож, хүндрэл үүслээ. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 90 хувийг нь нийлүүлдэг. Тэндээс ачигдсан бүтээгдэхүүн 4-5 хоногийн дотор л ачигддаг. Өнөөдрийн байдлаар 18 мянган тонн АИ92 замд явж байна. Зарим нь ороод ирсэн байна. Энэ мэдээллийг мөн нягталж үзэх боломжтой. “Роснефть” компанийн төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод байгаа.
Цаашид үнийг өсгөхгүй. Үнэ харин бууж байгаа. Дэлхийн зах зээлийн үнийг хараарай. Бид 705 ам.доллараар таван жилийн хатуу гэрээтэй. Энэ үнээ таван жилд барина. Үнэ өсөх ямар ч шалтгаан байхгүй гэдгийг үүгээр хэлж байна. Болж өгвөл дараалал үүсгэхгүй байхыг л хүсье. Бүх бүх банкаа дүүргэнэ гэвэл тийм нөөц угаасаа байхгүй. БНХАУ-аас Евро ангиллын АИ92-ыг нэгдүгээр сард захиалж байгаа. ОХУ-ын бусад үйлдвэрээс ч захиалж буй. Бид ААН-үүдэд үнэтэй ч хамаагүй стандарт нь ахиу бол аваарай гэдэг хандлагаар хандаж байна. Өнөөдөр улсад нөөц гэж байхгүй, дандаа ААН-үүд түгээдэг шүү дээ. Харин онцгой байдалд бэлтгэх маягаар нөөцөлдөг, түүнийг манай яам мэдэхгүй.
АИ92-ын хувьд өнөө маргаашдаа сайжирна гэсэн хүлээлттэй байна. Харин бүх хүн саваа дүүргээд байвал хэрэглээ хоёр дахин өсөж, сайжрах хугацааг хойш татна. Огт нийлүүлэхгүй юм уу, тасалдаад, эсвэл маргааш үнэ өсөх гээд байгаа зүйл байхгүй.”гэв.
0 cэтгэгдэлтэй