Шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө дөл болтол дугаарлан байж, авч байна. Шатахууны нөхцөл байдлын талаар уул уурхайн сайд олон нийтэд өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Цахилгаан станц, эмнэлэг, онцгой байдлын байгууллагууд шатахуунгүй болбол яах вэ? гэсэн асуултад УУХҮ-ийн сайд “Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, өдөр бүр ирж байна. Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж буй Багануурын уурхай, эмнэлгүүд зэрэг онцгой байгууллагуудыг шатахуунаар таслахгүй байхад анхаарч байна.
Өвөлжилт хүндэрч байгаа баруун, зүүн аймаг руу ахиу шатахуун өгсөн нь Улаанбаатарт хомсдол үүсгэж байгаа” хэмээн хариулав.
Газрын тосны үйлдвэрийн барилгын ажлын явцын талаар “Нефтийн үйлдвэр барих нь зөв гэдгийг хоёр жилийн өмнө шийдсэн. Уул уурхайн яамнаас бодлогоо гаргаад Эрдэнэс Монгол компанид өгсөн бий. ЗГХЭГ-ын сайдын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг тус компанид бизнесийн удирдлага явж байгаа”.
Дизелийн нийлүүлэлтийн тухайд “Дизель түлш өмнөх оноос 30-40%-аар илүү ирж байгаа. Манай улсын нэг сарын хэрэглээ 90,000 тонн байсан бол 120,000 тонн дизель түлш хэрэглэдэг болсон нь экспортын бүтээгдэхүүний өсөлттэй холбоотой. Уул уурхайн экспорт нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Дизель түлш бөөндөж Эрдэнэс Тавантолгой компанийн жолооч нарт өндөр үнэтэй зарж байгааг хязгаарлах юм.
Гурав хоногтоо дизель түлшний нийлүүлэлт хэвийн болно” гэсэн мэдээллийг өглөө.
0 cэтгэгдэлтэй