Т.Доржханд 40 их наяд, С.Ганбаатар та ард нь нэг тэг нэмээд 440 их наядын хулгай болсон гэсэн. Үүнийгээ тайлбарлана уу

timelive.mn 2023-12-18

Нотлох баримтыг шинжлэн судлах Нүүрсний нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэллээ.

Энэ үеэр хянан шалгагч алдагдсан боломжийн зардлыг 330 сая ам.доллароор тооцлоо гэж танилцуулав.

Уг танилцуулгын дараа сонсголын даргалагч 2022 оны Арванхоёрдугаар сард 40 их наядын хулгай болсон гэсэн тооцооллыг гаргаж байсан УИХ-ын гишүүн Т.Доржханд болон 440 их наядын нүүрсний хулгай болсон гэх мэдээллийг олон нийтэд ярьсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг гэрчээр дуудав.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Шинжээчийн зүгээс 40 их наядын хулгайг бараг нэг их наяд болчхов уу? Тоонуудаа сайн харсан байлгүй дээ. Шинжээч нарын мэргэжил туршлага нь хэр байсныг би мэдэхгүй байна.

Ийм бага хэмжээний л хохирол гарсан юм. Бараг нүүрсний хулгай гэж байхгүй, жаахан л юм байгаа шүү гэсэн байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Та нар үндэслэлээ гаргаж ир. Шинжээчийн тоо бодитой биш байна.

Нэг жилийн өмнө бүгд мэдээлэлгүй байлаа шүү дээ. Оффтэйк гэрээг Их Хурлын гишүүд, асуудал хариуцсан сайд нар нь мэдэхгүй нууц байсан шүү дээ.

Одоо хоригдоод байгаа Б.Ганхуягаас асуухаар “мэдэхгүй байна, мэддэг хүнээ явуулъя” гэхэд хоёр том тор барьчихсан н.Удаанжаргал гэдэг хүн ирсэн. Түүнийгээ 20 хон минутын дотор надад үзүүлээд “энэ нууцлалтай, та гарын үсэг зурчих. Үүнийг ил болгож болохгүй. Болговол та шоронд орно шүү” гээд явсан.

2019-2021 онуудад нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 195 ам.доллар байсан. Оффтэйк гэрээнд нүүрсийг 50 ам.доллароор авсан байна” гэв.

Энэ үеэр АТГ-аас Т.Доржханд гишүүний 40 их наядын тооцоололд хийж байсан тайлбарыг үзүүлэв. Уг бичлэгт “УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний гэх хэргийн улмаас 44 их наядын хохирол учирсан байна гэж мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас тухайн гишүүнээс мэдүүлэг авахад 44 их наядын хохирол учирсан гэдэг нь тогтоогдоогүй. Мэдэгдэл хийсэн гишүүн үндэслэлтэй тооцоолол хийсэн талаар мэдүүлгээ өгөөгүй” гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 440 их наядын хулгай гэж хэлсэн талаараа  “Би хэвлэл мэдээлэл дээр явж байгаа тоо баримтыг дурдсан. Зарим нь 44 их наяд, зарим нь 440 их наяд гэсэн байна гэж ярьсан. Ард иргэдэд ямар том хулгай явж байгаа вэ гэдгийг л ойлгуулах гэсэн” гэлээ.

ВИДЕО: