Гал түймрийн эрсдэлээс сэргийлж, гацуурын гэрлэн чимэглэлийг асаалттай орхихгүй байхыг санууллаа

timelive.mn 2023-12-25

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд болсон аюулт үзэгдэл, ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 11-24-нд объектын гал түймрийн 95, аврах ажиллагааны долоон удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан.

Дээрх хугацаанд гал түймрээс 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 160 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 12 иргэнийг аварч ажиллалаа. Тус хугацаанд гал түймэрт өртөж есөн иргэн харамсалтайгаар амиа алдсан.

2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд

  • объектын гал түймрийн 1,634
  • аврах ажиллагааны 459 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 1.9 хувиар өссөн үзүүлэлт.

Дөрвөн дүүргийн 16 байршилд халиа тошин үүссэн.

Тухайлбал Чингэлтэй дүүргийн 8, 23, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гурван байршилд халиа тошин үүсэж, 1,860 метр суваг шуудуу татаж, 180 тонн мөсийг зөөвөрлөн, 100 шоо метр хайрга, шороо асган, далан босгох ажлыг хийж гүйцэтгэн, 117 айл өрхийг ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлж ажилласан” хэмээлээ.

Мөн гацууртай холбоотойгоор гал түймрийн хоёр дуудлага бүртгэгдсэн тул иргэдийг гацуураа асаалттай орхиж явахгүй байхыг, аюулгүй байдлаа хангахыг санууллаа.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс