Мягмар гарагт Крымийн хойгийн Феодосия боомтод байрлаж байсан Оросын Хар тэнгисийн флотын Новочеркасск десантын хөлөг Украины пуужингийн цохилтод сүйрсэн нь тодорхой болоод байгаа.
Кремлийн эрх баригчид байлдааны томоохон хөлөг онгоц нь гэмтсэнийг хүлээн зөвшөөрсөн ч хүн хүчний хохирлын талаар ам нээхгүй байна.
Тэгвэл Украины дайны сэдвээр мэдээ цацдаг Оросын Astra Телеграм суваг өчигдөр энэ цохилтын үеэр учирсан хүн хүчний хохирлын талаар тоо баримт нийтэлжээ.
Пуужингийн цохилтын үеэр Новочеркасск хөлөг дээр 77 усан цэрэг байсан байна. Цохилтын дараа 19 цэрэг алагдаж, 33 цэрэг сураггүй болсон гэж Astra мэдээлжээ.
Энгийн иргэдийн хувьд боомтын харуулаар ажиллаж байсан 64 настай Надежда Толщина гэдэг хүн амь үрэгдэж, өөр дөрвөн хүн шархадсан гэнэ.
Үүнээс гадна цохилтод өртсөн газраас Их Британид үйлдвэрлэсэн Storm Shadow алсын тусгалын далавчит пуужингийн хэсэг олдсон тухай Astra мэдээлжээ.
Эх сурвалж “Хөлөг бүрэн шатаж, живсэн” гэж бичсэн байна.
Оросын өөр нэг Телеграм суваг ВЧК-ОГПУ цохилтын үеэр 57 усан цэрэг, боомтын 16 ажилчин сураггүй болсныг нэрээ нууцалсан эх сурвалжаас уламжилжээ.
Оросын эрх баригчид Украины дайнд амссан хохирлынхоо талаар тоо баримтыг нууцалдаг.
2022 оны дөрөвдүгээр сард живсэн Оросын Хар тэнгисийн флотын гол хөлөг Москвагийн хохирлын талаар тоо баримт одоо ч бүрэн ил болоогүй байгаа.
Москваг живснээс хойш найм хоногийн дараа ОХУ-ын батлан хамгаалах яам нэг усан цэрэг амь үрэгдэж, 27 сураггүй болсныг мэдээлж байжээ. Гэхдээ энэ нэлээд дарсан тоо болох нь тодорхой байсан юм. Сүүлд Севастополь хотын шүүх сураггүй болсон усан цэргүүдээс 17-г амиа алдсанд тооцсоноо зарлаж байжээ.
Эх сурвалж: The Moscow Times
0 cэтгэгдэлтэй