Беларусийн ерөнхийлөгч Лукашенко өөрийгөө дархлах хуулийг баталжээ

timelive.mn 2024-01-5

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийгөө насан туршдаа шийтгүүлэхгүй, шалгуулахгүй байж, дархлах хуулийн төслийг баталжээ.

Бас энэ хуульдаа сонгуульд өөртэй нь өрсөлдөх нэр дэвшигчдийн шаардлагыг чангатгах нөхцөлийг тусгасан байна.

Хэдийгээр Беларусийн ерөнхийлөгч асан бүх хүнд үйлчлэх заалттай ч үнэндээ 69 настай Лукашенкогоос өөр хэнд ч хамаарахгүй хууль болжээ.

Тэрбээр Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш бараг 30 жил Беларусийг удирдаж, олон улсад “Европын сүүлчийн дарангуйлагч” гэх хочтой болсон юм.

2025 онд тус улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулагдана.

Сонгуульд нэр дэвшигчид сүүлийн 20 жил Беларусьт амьдарсан, энэ хугацаанд гадаад улсад огт оршин сууж байгаагүй байх шаардлагыг шинэ хуулиар тавьжээ.

Ингэснээр Лукашенко гадаадад дүрвэсэн сөрөг хүчний төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдөх боломжийг хааж байна.

2020 оны наймдугаар сард болсон өмнөх сонгуулиар Лукашенко дахин сонгогдсон ч Беларусь даяар сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байв.

Тухайн үед Минскийн эрх баригчид 35,000 гаруй хүнийг баривчилснаас зарим нь гадаад руу дүрвэсэн юм.

Шинэ хуулиар Лукашенкогоос гадна түүний гэр бүлийн бүх гишүүд насан туршдаа төрийн хамгаалалтад амьдарч, тусгай хангамж эдлэх болж байна.

Бас албан тушаалаасаа буусан ерөнхийлөгч насан туршдаа парламентын дээд танхимын гишүүнээр ажиллах боломжтой болжээ.

2020 оны сонгуулийн дараа мөрдлөг хавчлагаас зугтан Литва улсад дүрвэсэн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская шинэ хуулийг Лукашенко “гарцаагүй болсон хувь заяанаасаа айж буйн илрэл” гэж тодорхойлсон байна.

“Олон мянган Беларусь хүний хувь заяаг сүйтгэсэн Лукашенко олон улсын хуулиар шийтгүүлэх нь гарцаагүй. Энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал” гэж тэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press