УИХ-ын намрын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Элчин сайд, НҮБ-ын байнгын төлөөлөгч нарыг томилох асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат НҮБ Байнгын төлөөлөгчид нэр дэвшиж буй Н.Анхбаяраас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Иргэд АНУ, Япон, Солонгос гэсэн өндөр хөгжилтэй оронд ажиллаад хоёр, гурав дахь үе нь гарч ирсэн.
Тэр хүмүүс монгол аав ээжтэй атал гадаадын иргэншил сонгоод байна. Тэгэхээр давхар иргэншил олгох боломжтой юу. Энэ талаар ямар бодлого баримталж байгаа вэ?
НҮБ-ыг Байнгын төлөөлөгчид нэр дэвшигч Н.Анхбаяр: Таны хөндөж буй асуудал АНУ-д бий болоод нэлээд хугацаа өнгөрсөн. Хуулийн дагуу буюу харьяатынх нь хувьд үзвэл монгол эцэг эхээс төрсөн хүүхэд хөрсний зарчмаар АНУ-ын иргэншил авч байгаа.
Гэхдээ бүртгэлийн хувьд монголынхоо иргэн хэвээрээ л байгаа. Гол асуудал нь Монгол Улс харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулж, хоёрдмол харьяаллыг хуульчлан баталгаажуулах талаар судалгаа хийсэн.
Зарчмын хувьд хуулийн төсөл боловсруулах боломжтой. Гэхдээ ажиллаж, амьдарч буй улс орнуудынх нь гадаадын иргэний эрх зүйн байдлын хуультай уялдуулж, монгол иргэдийнхээ эрх ашгийг байнга оршин суудаг эх орон болон Монгол Улсад зохих ёсоор нь эдлүүлэх өнцгөөс судалгаа хийх ёстой.
Төрийн алба хаах, цэргийн үндсэн ажлаа хийх, сонгуулийн эрх, татвар гэх мэт асуудлыг судалж байгаа. Судалгааны ажил нэлээд урагштай явж байна.
0 cэтгэгдэлтэй