Эрчим хүчний сэргэлтийг дэмжиж, хамтран ажиллахаа ЕСБХБ-ны ерөнхийлөгч илэрхийлжээ

timelive.mn 2024-01-17

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны/ЕСБХБ/ ерөнхийлөгч Одил Рена Бассотой уулзлаа.

Өнгөрсөн 17 жилийн хугацаанд тус банк Монгол Улсын Засгийн газрын болон хувийн хэвшлийн нийт 137 төсөлд зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Мөн Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд нэмэлт хоёр эгнээ барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал Монгол Улсад нэн тулгамдсан нийслэлийн авто замын дэд бүтэц, гарц, метро барих, хилийн боомтын шинэчлэл, боомт чиглэлийн зам барих төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мөн ярилцаж, салхин цахилгаан станцын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улс ногоон эрчим хүчинд шилжихэд томоохон хувь нэмэр болно гэдгийг талууд тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжил, эрчим хүчний сэргэлтийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Рена Бассо илэрхийллээ.

ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР ШВЕЙЦАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭР ЯРИЛЦЛАА

зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай нэгдүгээр сарын 16-нд уулзлаа.

2024 оны Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон Виола Амхердад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэв.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд талууд түүхэн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын талаас оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цохон тэмдэглэв. Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан.

Монгол, Швейцарын байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломжийг талууд хэлэлцэв.

2024 оны Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Виола Амхерд нь Холбооны батлан хамгаалах, спорт, иргэний хамгааллын асуудлыг хариуцдаг тул манай улсын хилийн цэргийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцов.

Эх сурвалж: ЗГХМОНХХ