Ройтерс: Монголын хямд нүүрс Хятадын зах зээлд ноёлно

timelive.mn 2024-02-20

БНХАУ-ын Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээ 2023 онд өмнөх оноос хоёр дахин нэмэгдэж, дээд амжилт тогтоосон. Тэгвэл 2024 онд нүүрс тээврийн дэд бүтцийн хөгжил, хямд үнээс шалтгаалан дахин дээд амжилт тогтоох магадлалтай байгааг шинжээчид онцолж байна. Монгол Улсын хувьд шинээр өргөтгөсөн нүүрс тээврийн авто зам нь нүүрс тээврийн эрчмийг нэмэгдүүлж байгаа тул 2024 онд БНХАУ-ын Монгол Улсаас авах коксжих нүүрсний хэмжээ өмнөх оныхоос 10 гаруй хувиар өсөх магадлалтай байна гэж Бээжинд төвтэй нүүрсний худалдааны албаныхан тооцоолжээ.

Хятадын Засгийн газар Австралийн нүүрсний хоригийн үеэр Монгол Улс бол тус улсыг орлож чадах ирээдүйтэй улс хэмээн үзэж, түүнээс хойш тээврийн харилцаа, тэр дундаа шаардлагатай дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсаас авах нүүрсний импортоо нэмэгдүүлэхийн тулд Монголын коксжих нүүрсний экспортын 60 орчим хувийг хүлээн авдаг “Ганц мод” боомтод БНХАУ-ын талаас 40 сая юань буюу 5.58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг нь сайжруулсан хэмээн Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ.

Үүний үр дүнд 2023 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт “Ганц мод” боомтоор өдөрт дунджаар 1136 ачааны машин нэвтэрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар өссөн байна гэж Haitong Securities-ийн шинжээчид онцоллоо.

Түүнчлэн Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүдэн ган үйлдвэрлэгчдийн ашиг багассан нь Монголын хямд нүүрсний эрэлтийг улам нэмэгдүүлсэн гэж шинжээчид дүгнэжээ. “Wood Mackenzie”компанийн зөвлөх Саймон Ву (Simon Wu) “Амьд үлдэх гэж тэмцэж буй Хятадын гангийн үйлдвэрүүдийн хувьд хэт өндөр үнэтэй коксжих нүүрс худалдаж авах боломжгүй байна” гэж хэлсэн нь шинжээчдийн анхаарлыг мөн татлаа. Түүнчлэн БНХАУ Монголын коксжих нүүрсийг өнгөрсөн онд нэг тонныг нь дунджаар 974 юань буюу 135.98 ам.доллароор авч байсан нь Оросын нүүрснээс 20%, Австралийн нүүрснээс 50 хувиар бага үнэтэй байсныг Reuturs агентлаг тус улсын гаалийн мэдээлэлд үндэслэн тооцоолсон байна.

зураг

 

Монгол Улс 2022 онд “Тавантолгой”-гоос “Гашуунсухайт” боомт хүртэл жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр зам барьж дуусгасан ч Хятадын төмөр замын сүлжээнд хараахан холбогдоогүй байна. Тиймээс дараагийн чухал ажил бол хил дамнасан төмөр замын холболтыг дуусгах явдал гэж ММС-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлсэн бол шинэ төмөр замын шугам ашиглалтад орсноор Монголын бүх төрлийн төмөр замын экспортын ачааны хэмжээ 2030 он гэхэд 80 сая тоннд хүрэх төлөвтэй байна гэж China’s People’s Daily сонин өнгөрөгч 12-р сард мөн иш татан мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters