ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бүтээмж, үр нөлөө” уриан дор гурван өдөр зохион байгуулагдсан прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож үг хэлжээ. Тус зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын удирдах албан тушаалтнууд биечлэн, 1200 гаруй прокурор, ажилтан цахимаар оролцож, цаашид баримтлах бодлого, чиглэлээ хэлэлцсэн байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Би өөрөө Хөгжлийн банкны сонсголыг хийсэн учир шүүх хурлыг бүтэн үзсэн. Цугларсан нотлох баримт, түүнд өгсөн яллах дүгнэлттэй холбоотой асуудалд үнэхээр харамсмаар сэтгэгдэл төрсөн. Одоо энэ асуудал нэгэнт шүүхээр орчихсон учраас ярьж байна. Түүнээс өмнө би ямар ч байр суурь илэрхийлээгүй. Сонсгол дээр яригдсан олон асуудал шүүхэд яригдаагүй. Өөрөөр хэлбэл, та бүхэн түүнийг шалгаж, шүүхэд аваачаагүй.
Магадгүй сонсгол дээр тухайн хүний гэм буруугүй гэдгийг нотлох баримт яригдсан, гарсан байхад түүнд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр шүүх рүү аваачсан асуудлыг ч харж л байсан. Гэхдээ би Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн учраас шүүхэд явж байгаа хэрэг, маргаанд нөлөөлж болохгүй тул байр суурь илэрхийлээгүй.
Одоо энэ яригдсан асуудалд ард түмэн хариуцлага нэхэж байгаа. Хууль зүйн сайдаас энэ хүмүүстээ хариуцлага тооцооч ээ гэж хүсэж байна. Гэхдээ Хууль зүйн сайд гэмт хэрэг шалгадаггүй. Энд бас оролцож болохгүй. Хэн нэгнийг хорь, шалга, дууд, байцаа гэдэг чиг үүрэг хууль зүйн сайдад байдаггүй. Үндсэн хуулиар хориотой. Эрүүгийн хуулиар хориотой. Энэ нь өөрөө гэмт хэрэг байдаг. Харин парламентын хянан шалгах хорооны хүрээнд яригдсан нотлох баримт, энэ асуудлуудын цаана ард түмэн одоо хариуцлага нэхэж байна. Ард түмний тооцох хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэггүй. Тийм учраас Монголын ард түмний энэ нэхэлд цаг тухай бүр хариу өгч байх учиртай. Үйл ажиллагаа нь нээлттэй байх ёстой” гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй