Олон жил эрэн сурвалжлагдаж байсан Улаан Армийн эмэгтэй гишүүнийг Германы цагдаа нар баривчилжээ

timelive.mn 2024-02-28

Сүүлийн 30 гаруй жил эрэн сурвалжлагдаж байсан Германы хэт зүүний зэвсэгт бүлэг Бааден-Майнхофын гишүүнийг баривчилснаа прокурорууд өчигдөр зарлажээ.

Улаан Армийн Фракц гэж бас нэрлэгддэг капитализмын эсрэг радикал энэ байгууллага 1970-1980-аад онуудад Германд хэд хэдэн удаа бөмбөг дэлбэлж, аллага үйлдэж, хүмүүсийг барьцаалж байв.

Уг байгууллагын гол гурван гишүүнийг олон жилийн турш эрэн сурвалжилж байсны нэг нь сая баригдсан 65 настай Даниэла Клетте юм.

1998 онд Улаан Арми Фракц тарсны дараа Даниэла болон Эрнст-Волкер Штауб, Бурхард Гарвег нар дээрэм тонуулаар амьдарч байжээ.

Тэдний ганц эмэгтэй нь болох Даниэлаг цагдаа нар Даваа гарагт Берлин хотоос баривчилсан байна.

Түүнийг 1999-2016 онуудад үйлдсэн олон тооны дээрэм болон хүний аминд халдахыг завдсан хэрэгт холбогдуулан шалгах гэнэ.

Даниэла нь Европолын эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад “онц аюултай” гэсэн ангиллаар орсон цорын ганц эмэгтэй байжээ.

Цагдаа нар Берлиний Кройцберг дүүрэг дэх орон сууцнаас Даниэлаг баривчлахад эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд гэрээс нь хоёр гар бууны сумтай дайз олдсон байна.

зураг

Улаан Армийн Фракц бүлэг 1960-аад оны оюутнуудын хөдөлгөөний үеэр байгуулагдаж байжээ.

Үүсгэн байгуулагчид болох Андреас Баадер, Улрик Майнхоф нарынхаа нэрээр сүүлд нэрлэгдсэн байна.

Оргил үедээ буюу 1977 онд тэд Германы томоохон банкны захирлыг буудан хороож, аж үйлдвэрийн эзэн Ханнс Мартин Шлайерыг хулгайлж, амийг нь хөнөөж байжээ.

Энэ бүлэгтэй холбоотой ажилладаг палестинчууд Люфтханза компанийн нисэх онгоцыг барьцаалж байв.

Штауб, Гарвег, Клетте нарыг тус бүлгийн 1980-1990-ээд оны үйл ажиллагаанд хамаатай “гурав дахь үе”-ийн гол төлөөлөл гэж үздэг.

Хамгийн сүүлд Даниэла болон түүний хоёр хамтрагч 2016 онд Бремен хотод банкны мөнгө тээвэрлэж байсан автомашинд халдаж байжээ.

Энэ үеэр АK-47 автомат буу, гранат харвагчаар зэвсэглэсэн тэд нэг сая евро тээвэрлэж байсан хуяглагдсан автомашинд халдсан ч хамгаалагчид дотроос нь түгжсэн тул мөнгийг авч чадалгүй зугтаж байсан гэнэ.

Одоо Германы хууль хүчнийхэн 69 настай Штауб, 55 настай Гарвег нарыг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байна.

Эх сурвалж: AFP