Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Макаогийн Захиргаа, хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Андрей Чеонг Вэн Чон нар “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр”-ийг энэ сарын 28-ны өдөр баталлаа.
Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаотой:
- 2014 онд “Хүн худалдаалахтай тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээр
- 2017 онд “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээр
- 2019 онд “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийг байгуулсан.
Энэ онд “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх” тухай хэлэлцээр байгуулснаар хоёр талын хуулийн байгууллагууд хоорондоо шууд харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх суурь гэрээнүүд бүрэн гүйцэд байгуулагдаж байна.
Таван “Ш” ажиллагааны хүрээнд улс орнуудтай хамтарсан хоёр талын ялтан солилцох, мэдээлэл солилцох, харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийг байгуулж байгаа.
“Монгол Улсын иргэдийн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод зорчих хөдөлгөөн сүүлийн үед нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад манай улсын иргэд хэрэг холбогдох асуудлууд гарч байна.
Уг хэлэлцээр байгуулснаар хоёр орны иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох хурд нэмэгдэж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тулгардаг иргэний маргааны асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр онцоллоо.
Уг хэлэлцээр нь 19 зүйлтэй бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн хамгаалалт, туслалцаа үзүүлэх журам, гэрч болон шинжээчид холбогдох зохицуулалт, туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг тусгажээ хэмээн ХЗДХЯ-наас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй