Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ)-ийн барилгад их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Тус төвийн барилгын их засвар шинэчлэлтийн гуравдугаар ээлжийн их засвар Төрөх эмнэлгийн “A, B, C” блок буюу “Төрсний дараах тасаг”-ийн 4, 5 дугаар давхарт их засварын ажил бүрэн дуусаж ашиглалтад оруулаад байгаа бөгөөд 2, 3 дугаар давхрын их засварын ажил үргэлжилж байгааг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар(НХОГ)-аас мэдээллээ.
Засвар шинэчлэлтийн ажилд хуучирч муудсан хэсгийг буулгаж цэвэрлэн шал, хана, тааз шинэчлэх, цонх хаалгануудыг шинээр суулгах, шилэн хаалт хийх мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээ, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлт хийж тасгуудын өрөөнд хүчил төрөгчийн шугам угсралт, эмч, сувилагч дуудлагын систем суурилуулах, дотор заслын ажил бүрэн хийгдэж олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тохижуулж дууссан юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төслийг “Өлзий иш” ХХК, ерөнхий гүйцэтгэлийг “Алтайн бумбат өргөө” ХХК тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй