ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал Онцгой байдлын байгууллагад зочлов

timelive.mn 2024-03-5

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн/ҮАБЗ/ нарийн бичгийн дарга А.Бямбажаргал өнөөдөр ОБЕГ-т ажиллах үеэрээ байгууллагын үйл ажиллагаа, хууль, эрхзүйн орчин,  гамшиг, осол, аюулт үзэгдлийн мэдээлэл болон өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгчээ.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал “НҮБ-аас өнгөрсөн зуныг хамгийн халуун жил хэмээн зарласан. Дэлхий дахинд ус цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж байна.

Өнгөрсөн зун нийслэл хотод хэд, хэдэн удаагийн үерийн аюул тохиолдсон бол энэ өвөл, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн.

Үүнтэй холбогдуулан бүх шатанд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч цаашид нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй. Тиймээс дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, ашиглах, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам сайжруулж, бэхжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэв.

Тэрбээр зудыг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг төлөвлөж, хэрэгжилтийг хангуулан, нэгдсэн удирдлага, зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий УОК-ын Шуурхай штаб болон Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан юм хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

зураг

А.Бямбажаргал нь Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилогджээ.