Монголын Үндэсний Бөхийн Холбооноос улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээжээ

timelive.mn 2024-03-18

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс Зүй, Сахилга Хариуцлагын Зөвлөл (ЁЗСХЗ)-ийн хурал энэ сарын 16-ны өдөр болжээ.

Тус хурлаар улсын заан Б.Серикийн өргөдлийг хэлэлцсэн байна. Б.Серик нь ёс зүйн алдаа зөрчил гаргаж, МҮБХ-ны ЁЗСХЗ-өөс барилдах эрхийг 2023 онд нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлээд байсан.

Монгол Улсын заан Б.Серик ёс зүйн зөрчилдөө хариуцлага тооцуулсны дараа нийгэм, олон нийтийн мэдээллийн сүлжээнд, мөн бөхийн хамт олны дунд өөрийн үйлдлийн талаар болон авсан арга хэмжээтэй холбоотой ямар нэгэн буруу ташаа мэдээ, мэдээлэл гаргах, бусдаас бурууг хайх, буруутгах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй, өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан.

Тиймээс түүний хүсэлтийг хэлэлцэн ЁЗСХЗ-ийн гишүүдийн олонхын саналаар барилдах эрхийг өнөөдрөөс эхэлж сэргээх шийдвэрийг гаргав.

Мөн ЁЗСХЗ-өөс Монгол бөхийн ёс жудгийг сахин бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж байгаа сум, аймаг, улсын цолтой бөхчүүдийг жил бүр тодруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.

зураг

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо